Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн асуудал судлах хүрээлэнгийн 2021 оны тооцоогоор 19-39 насны солонгос залуусын 3.1 хувь нь буюу ойролцоогоор 340 мянга гаруй залуус ганцаардмал юм уу, нийгмээс тусгаарлагдсан, зожиг гэж гарч байсан бол энэ жил уг үзүүлэлт 4.2 хувь болж өссөн байна. Солонгосоор годокса гэгддэг ганцаардмал үхэл гэх үзэгдэл ч өсөх хандлагатай болжээ. Энэ нь нийгмээс тусгаарлагдсанаасаа болж сэтгэлээр унасаар амиа егүүтгэх, хүнд өвчнөөр өвдөж шаналсаар ганцаараа амьсгал хураахыг хэлдэг байна. 2021 онд ингэж ганцаараа амьсгал хураасан хүний тоо 3378 байсан бол өнгөрсөн онд 3661 болж өсчээ.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам ганцаардлыг албан ёсоор нийгмийн эмгэг хэмээн үзэж, ганцаараа амьдардаг болон ганцаардмал хүмүүст туслахаар нийт 322 сая ам.доллар төсөвлөөд байна. Ялангуяа Сөүл хотод хоногийн 24 цаг ажиллах зөвлөхүүдтэй тусламжийн утас, хэн хүссэн нь ирж бусад ганцаардсан хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцаж болох уулзалт зэрэг хөтөлбөр багтаасан “Ганцаардалгүй Сөүл” нэртэй төсөл хэрэгжүүлээр төлөвлөжээ.

Энэ нь тус улсын албаныхны нийгмийн ганцаардалтай тэмцэх гэсэн анхны алхам биш юм. Өмнөд Солонгосын Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамнаас ноднин бусдаас тусгаарлагдсан, зожиг амьдралтай залуусыг нийгмийн харилцаанд оролцохыг нь дэмжиж, сар бүр 500 ам.доллар олгох журам баталж байжээ. Гэхдээ энэ мэт үйлдэл асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй, эхлээд хүмүүсийг ганцаардал руу чухам юу хөтөлж байгааг олж тогтоох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.