Дэлхийн хэмжээнд 20 гаруй улс, бүс нутаг хоол хүнсний хямрал, өлсгөлөнгийн аюулын өмнө тулаад байгааг НҮБ-аас анхаарууллаа. Тус байгууллагын харьяа Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхний тооцоогоор ирэх зургаан сард өдгөө иргэний дайнтай байгаа Судан улс, хөрш нь болох Өмнөд Судан, Мали, мөн Палестин, дотоодын зэвсэгт зөрчил нь хурцадсаар байгаа Гайти зэрэг улс, бүс нутагт байдал улам бүр дордож, хямрал нь бүх нийтийг хамарсан өлсгөлөн болж мэдэх аюул өндөр байна. Дээрх байгууллагууд Өлсгөлөнгийн аюултай бүсүүд нэртэй судалгаагаа хоёр жилд нэг удаа хийдэг юм.  

Одоогийн хүнд хэцүү нөхцөл байдалд хүнээс шалтгаалах дайн самуун, зэвсэгт зөрчлөөс гадна үер ус, ган гачиг зэрэг байгалийн хүчин зүйлс мөн нөлөөлж байгаа аж. Судалгаанд 22 газар буюу улс орон, бүс нутгийг онцолсны дотор дээрх орнуудаас гадна Чад, Египет, Ливи, Этиоп, Төв Африкийн БНУлс зэрэг улс хүнсний аюулгүй байдал сул гэсэн ангилалд багтсан байна. Харин Чад, Нигерия, Мозамбик, Ливан, Мьянмар, Сири, Иемен зэрэг орнууд хараахан өлсгөлөнд нэрвэгдээгүй ч хоол хүнсний хомсдолд хэдийнээ өртөж эхэлсэн гэсэн хэсэгт бичигджээ. Эдгээр орны араас хүнсний хомсдолд нэрвэгдээгүй боловч аюулгүй байдал нь алдагдсан гэсэн гурав дахь ангилалд Кени, Нигер, Буркина Фасо, Этиоп, Малави, Сомали, Замби, Зимбабве гэсэн Африкийн орнууд орсон байна.