Их Британид төвтэй “Open Source Centre” гэх судалгааны байгууллагын хиймэл дагуулаас авсан зургийг шинжилсэн шинжээч, судлаачид ОХУ энэ оны гуравдугаар сараас хойш Хойд Солонгост сая гаруй баррель газрын тос нийлүүлжээ хэмээн мэдээллээ. Тэдний таамаглаж буйгаар энэ нь Хойд Солонгосоос зэр зэвсэг, цэргийн нэмэлт хүч авсны шанд Оросоос тус улсад өгсөн төлбөр байх магадлал өндөр. Хэрэв энэ нь баттай бол НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн явдал болох бөгөөд НҮБ Хойд Солонгост нефть нийлүүлэхийг олон улсад хориглосон юм. Хойд Солонгос бол нээлттэй зах зээл дээр газрын тос худалдаж авах эрхгүй цорын ганц улс билээ. Дээрх байгууллагын тооцоогоор ОХУ энэ гуравдугаар сарын 7-ны өдөр анхны нийлүүлэлтээ хийсэн бололтой. Харин хамгийн сүүлийнх нь энэ сарын 5-нд хийгдсэн гэсэн таамаг байна.

Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэммигийн хэлснээр Орос, Хойд Солонгосын хооронд газрын тосны солилцоо хийгдэж байгаа нь Солонгосын хойг болон цаашлаад Европ, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэхүйц үйл явдал юм.