АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ӨАБНУ-ын цагаан арьст иргэдийг улс орондоо үндэстний цөөнх болохын хувьд газар эзэмших, бизнес эрхлэх тал дээр ямар нэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа бол Америкийн нутаг дэвсгэрт цагаач, дүрвэгчийн хувиар, гэхдээ бүрэн эрхт иргэнээс ялгаагүй эрх ямба эдлэн шилжин суурьшихыг дэмжинэ гэлээ. Африкаанчууд гэгдэх Өмнөд Африкийн цагаан арьстнууд одоогийн тус улсын газар тариалангийн бүс нутгийн дийлэнхийг эзэмшиж байсан нидерланд, франц колоничлогчдын үр удам юм.
Харин саяхан шинээр батлагдсан хуулиар хувийн мэдэлд байх бүх газар тариалангийн нутгийн дөрөвний гурав нь цагаан арьст иргэдийн мэдэлд байгааг хянаж, цаашдаа олон арьстны дунд тэгш эрх хангагдаж байгаа үгүйд анхаарахаар болжээ. Уг хуулийг Трамп африкаанс иргэдийн эрхийг зөрчинө гэж үзэж байгаа аж.
Цагаан арьстнууд Өмнөд Африкийн 63 сая иргэний 7.2 хувийг эзэлдэг юм. 1950 онд апартеид үзэлт Үндэсний нам Өмнөд Африкийн газар тариалангийн нутгийн 85 хувийг цагаан арьстнуудад эзэмшүүлсэн нь 3.5 сая хар арьст өмнөд африкчуудыг орон гэргүй болгосон гашуун түүх бий. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса шинээр батлагдсан хуулийг зөвхөн газрын хяналтыг чангатгахад чиглэсэн гэж мэдэгдсээр байгаа юм.