Израилийн парламент НҮБ-ын харьяа Палестины дүрвэгсдэд туслах агентлаг буюу UNRWA-г Израилийн нутаг дэвсгэрт болон Израилийн мэдлийн Зүүн Иерусалимд явуулдаг бүхий л үйл ажиллагаагаа гурван сарын хугацаанд багтаан эцэс болгохыг шаардлаа. Тус улсын парламентын гишүүдийн дийлэнх нь дээрх агентлагийг Израилийн албаныхантай ямар нэг байдлаар хамтран ажиллахыг хориглох тухай хуулийн төслийг мөн дэмжжээ. Ингэснээр Палестины дүрвэгсдэд туслах агентлаг Газын зурвас болон Израилийн харьяанд байгаа Баруун эрэгт ч тусламж хүргэх аргагүй болж байгаа юм. Тус байгууллага Израилийн Зэвсэгт хүчинтэй хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор палестин дүрвэгчдэд тусламж хүргэж байгаа НҮБ-ын ганц агентлаг билээ. Израилийн парламентаас баталсан дээрх шинэ хуульд зааснаар Дүрвэгсдэд туслах агентлагийн ажилчид Израилийн нутаг дэвсгэрт хууль эрх зүйн дархан эрх эдэлдэг байсан нь ч ийнхүү дуусгавар болж байна.
Олон улс Израилийн шийдвэрийг эсэргүүцэж, Газын зурваст хашигдсан палестинчуудын байдал улам дордоно гэхээс түгшиж буйгаа илэрхийлсэн бол Израилийн тал Дүрвэгсдэд туслах агентлагийн ажилчид удаа дараа алан хядагчдын гар хөл болж ирсэн хэдэн арван баримтыг дурдаад “Хэдийгээр UNRWА-гийн үйл ажиллагааг хориглосон ч Газын зурваст нэвтрэх хүмүүнлэгийн тусламжийг таслан зогсоохгүй” хэмээн мэдэгдсэн байна. Ойрх Дорнодын нөхцөл байдлыг одоогийн хурцадмал түвшинд хүргэсэн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны “Хамас” бүлэглэлийн алан хядах ажиллагаанд дээрх агентлагийн 19 ажилтан оролцсон нь нотлогдоод байгаа юм.