2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны үдэш галд сүйдсэн Францын готик уран барилгын үнэт шигтгээ гэгдэх Парисын Эх дагинын сүм буюу Нотр-Дам ахин үүд хаалгаа нээжээ. Тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон эхнэрийн хамт, мөн Парис хотын ширээт лам Лоран Юльриш нарын хүндэт зочид нээлтэд оролцсон байна. Эх дагинын сүм ирэх сарын 7-ны өдрөөс албан ёсоор олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа эхлэх бол дараа өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 8-нд католик номтнуудын их цуглааныг зохион байгуулах аж.

Сүмийн барилгыг сэргээн засварлах ажилд нийт 700 сая евро зарцуулсан агаад галд бүрэн шатаж, үгүй болсон Дундад зууны үеийн модон дээврийг нь орлуулж, эх загвартай нь дөхүү дээвэр хийхэд мужаан, зураач, инженер зэрэг мэргэжилтэн нийлсэн 1300 орчим хүн гар бие оролцсон байна. Харин сэргээн засварлах бусад ажилд 2000 орчим урчууд ажиллажээ.

Таван жилийн өмнөх галын шалтгааныг одоо ч эцэслэн тогтоогоогүй юм. Тухайн үед сүмийн гадаах хэсгийг сэргээн засварлаж байсан бөгөөд ажилчдын нэг нь тамхиа унтраалгүй орхисноос гал гарсан, эсвэл цахилгааны доголдол үүссэн гэсэн таамаг бий. Галыг 600 гаруй гал сөнөөгч бүтэн 15 цаг зүтгэж байж унтраасан байдаг.

Шавыг нь тэртээ 1163 онд тавьсан, 1260 онд ашиглалтад орсон Парисын Эх дагинын сүм жилд 12 сая гаруй жуулчны зорин очдог, Эйффелийн цамхагтай эн зэрэгцэх тус хотын хамгийн алдартай байгууламж билээ.