Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Тэжон хотын бага сургуульд 40 гаруйхан насны эмэгтэй багш найман настай сурагчаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Охины цогцсыг орон нутгийн цагаар өчигдөр буюу даваа гаргийн оройн 18:00 цагийн үед сургуулийн хоёрдугаар давхраас олсон байна. Цагдаа нар багш эмэгтэйг хэргийн газраас өөрийгөө хутгалж шархдуулсан, биеийн байдал нь хүндэвтэр байхад олж, баривчилсан гэнэ. Эмэгтэйг яаралтай мэс засалд оруулсан бөгөөд хэдий хүзүүн тус газраа шархтай ч аюул амь наснаас нь холуур өнгөрсөн гэж эмч нар мэдээлжээ.
Тэжон хотын Боловсролын газраас мэдэгдсэнээр багш эмэгтэй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр сэтгэл санаа нь тогтворгүй байна гэсэн шалтгаанаар зургаан сарын чөлөө авсан ч ердөө 20 хоногийн дараа ажлаа хийх чадвартай гэсэн эмчийн албан оноштойгоор ажилдаа эргэж орсон байж. Түүнийг амиа егүүтгэх эрсдэлтэй гэж үзэн цагдаа нар ч хар дансандаа бүртгээд байсан гэнэ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө эмэгтэйн санаа сэтгэл хямралтай, уур уцаартай байсан гэж хамт ажиллагсад нь мөн мэдүүлсэн байна.
Урьдчилсан шалгалтаар эмэгтэй ажилдаа буцаж орсноосоо хойш нэг ч ангид хичээл заагаагүйгээс гадна хохирогч охинтой ямар нэг холбоогүй байсан нь тогтоогдоод байгаа аж. Тэрээр хэргээ хүлээснээс гадна халдлагад ашигласан хутгаа ажилдаа ирэх замдаа худалдаж авсан, сурагчдаас хэнийг нь ч хамаагүй, аль сүүлдэж үлдсэнийг нь хөнөөгөөд өөрөө хамт үхье гэж шийдсэн хэмээн мэдүүлсэн байна.