Үзэн ядалтын өнгө аястай, алан хядах үйл ажиллагааг дэмжсэн далд утга агуулгатай аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцож, 1-6 жил хорих ял ногдуулах тухай шинэ хуулийг Австралийн парламент баталлаа. Тус улсад сүүлийн үед еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг улам бүр газар авсан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Харин шүүмжлэгчид Австралийн эрх баригч Хөдөлмөрийн намыг сөрөг хүчнийхээ шахалтад орж хатуу хууль баталлаа, өөрсдийнхөө үзэл баримтлалаас ухарлаа гэж үзэж байгаа аж.
Шинэ хуулиар олон нийтийн газар юм уу, сошиал орчинд нацист ёсолгоо хийх нь хамгийн багадаа бүтэн жил хоригдох ялтай гэмт үйлдэлд тооцогдохоор болжээ. Харин алан хядах ажиллагааг санхүүжүүлсэн юм уу, зохион байгуулахаар, оролцохоор төлөвлөсөн нь нотлогдвол зургаа хүртэлх жил эрх чөлөөг нь хасах ял эдлүүлэх гэнэ. Тэгэхдээ ямар нэг тэнсэн харгалзах ял ногдуулахгүй, хоригдох ялыг заавал биеэр эдлүүлнэ гэсэн хатуу заалт нэмж тусгасан байна.
Ердөө өнгөрсөн долоо хоногт Сидней хотоос еврей хүмүүсийг зүхэж хараасан бичиг цаас, элдэв тэмдэглэл болон хэдэн арван тэслэгч, дэлбэрэгч агуулсан тээврийн хэрэгсэл олдсон бол өмнөх долоо хоногт нь мөн Сидней хот дахь иудейн шашинтнуудын сургууль болон ойролцоох өдөр өнжүүлэх төвд нь гал тавьсан хэрэг гарсан юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Мельбурн хотын иудейн шашны сүмд сүсэгтэн олны ид мөргөл үйлдэх цагаар санаатайгаар гал тавьсан байна. Хэдийгээр галд өртөж, хохирсон хүн байхгүй ч энэ явдал австраличуудыг ихэд цочирдуулжээ.