УИХ-ын тухай хуульд зааснаар Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалттай холбоотой асуудлыг хамааран хэлэлцдэг. Тус хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгээс гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, АН-ын бүлгээс гишүүн Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах санал гаргажээ. Харин гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нар дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлжээ. Үүнийг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүн Ж.Энхбаяр, П.Сайнзориг нар “Тусгай хяналтын дэд хороо нь улсын онц чухал, маш нууц, гадаад болон дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг тул парламент дахь намын бүлгүүдийн саналыг албан ёсоор авч, зөвшилцөж оруулдаг. Иймд тус дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхгүй, таван гишүүнтэй байх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Тусгай хяналтын дэд хороог гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжив.