Эль-Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг томоохон сүлжээ хүнсний дэлгүүрт монгол малын махыг худалдаж эхэллээ. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны долоодугаар сараас эхлэн Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажилласны дүнд тус улс руу хонины сэврээсэн махыг анх удаа гаргасан нь энэ. Өмнө нь манайхаас Арабын бусад улс руу зөвхөн хөлдөөсөн мах экспортолдог байсан юм. Эрэлт өндөр байгаа тул цаашид долоо хоног тутам 30-100 тонн хүртэлх сэврээсэн махыг Монголоос импортлох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн халал мах экспортлох боломжтой хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.