Тус улсын хуульч, хүний эрхийн тэмцэгчдийн бүтэн 17 жилийн тэмцэл сая нэг үр дүнгээ өгч, 137 жил нөхөгдөлгүй явж ирсэн хуулийн цоорхой нөхөгдөн, 18 хүртэлх насны хүүхдийн гэрлэлтийг бүрэн хоригложээ. Ингэснээр Колумб улс насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хориглосон Латин Америкийн болон Карибын бүс нутгийн 12 дахь улс болж байна. Тус бүс нутагт нийт 33 улс байдаг юм.
Өмнө нь бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглох тухай хуулийн төслийг Колумбын парламентад найман удаа хэлэлцэж байсан ч ямар нэг шалтгаанаар буцаагдаж байж. Өмнөх хуулиар хоёр жил хамтран амьдарсан хосыг албан бусаар гэрлэсэн хэмээн үзэж, эхнэр нөхрийн хэн нэг нь 18 нас хүрээгүй байсан ч өөрсдийнх нь хүсэлтээр албан ёсны хос гэж үздэг байжээ.
НҮБ-ын Хүүхдийн байгууллагын судалгаагаар Колумбад 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн 4.5 сая охид, эмэгтэйчүүд бий бөгөөд нэг сая гаруй нь бүр 15 ч хүрээгүй байхдаа эрд гарчээ. Энэ нь дөрвөн охин тутмын нэг нь гэсэн үг аж. Колумб хөвгүүд мөн харьцангуй эрт гэрлэдэг гэх ч насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн охид хөвгүүдээс гурав дахин олон байна.