УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжив. Уг төслийг талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улс Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцжээ. Энэ нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ аж. Үүнийг батлан хэрэгжүүлснээр хоёр улсын иргэд Монгол болон Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, манай иргэд тус улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Тодруулбал, Казахстан улс 1998 оноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн учраас үүнээс өмнө тус улсад ажиллаж, шимтгэл төлсөн бол ажилласан жилийг нь тооцож, тэтгэврийг нь тогтоох гэнэ. Харин Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казахстанд ажиллаж, шимтгэл төлсөн бол тус улсаасаа төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг авах аж.