Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху “Хамас”-ын барьцаанд байгаа израиль иргэдийг тус бүр нь таван сая ам.доллараар үнэлж, тусалсан хэнбугайг ч эл мөнгөн дүнгээр шагнахаа мэдэгдлээ. Мөн барьцааны хүмүүсийг суллахад Израильд тусалсан хүмүүсийг өдгөө агаарын довтолгоонд өртөж байгаа Палестиний эзлэгдсэн бүс нутгаас гэр бүлийнх нь хамт аюулгүй гаргаж өгнө гэж амласан байна. “Сонголт та бүхний гарт байна. Гэхдээ үр дүн нь адилхан байна гэдгийг амлая. Юу ч болсон бид барьцаалагдсан иргэдээ буцааж авчирна” гэж Нэтаньяху мэдэгджээ.
Суллаж явуулсан барьцааны хүн бүрийн тоогоор мөнгөн шагнал өгөхөө Израилийн Засгийн газар өмнө нь нэг бус удаа амлаж байсан юм. Харин “Хамас” бүлэглэл үүнийг нь хууран мэхлэлт хэмээн няцааж иржээ. Тус бүлэглэл зөвхөн Газын дайныг эцэслэх тухай яриа хэлэлцээрийн дүнд л барьцааны хүмүүсийг суллана гэж мэдэгдээд байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр “Хамас” бүлэглэл Израилийн нутаг руу гэнэт халдаж, 1100 гаруй хүнийг хөнөөн, 251 хүнийг барьцаалсан юм. Тэднээс 65 нь амь үрэгдсэн нь одоогоор батлагдаад байна.