Испани улс сүүлийн хэдэн арван жилийн түүхэндээ байгаагүй үер усны гамшигт нэрвэгдээд байна. Гэнэтийн их бороо, үерээс болж нутгийн зүүн хэсэгт орших Валенсия муж хамгийн их хохирол амсаж, 92 хүн амь үрэгдсэн гэсэн албан мэдээ цацагдсан бол зэргэлдээх бүс нутаг, жижиг хотуудад нь арваад хүн амиа алдсан юм уу, сураггүй алга болоод байна. Испани оронд хамгийн сүүлд 1973 онд нутгийн зүүн өмнөдөд гэнэтийн үер бууж, 150 орчим хүн нас барсан нь хамгийн их хор хохирол учруулсан үер гэгдэж байжээ.

Тус улсын Ерөнхий сайд Педро Санчез улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан бол төрийн тэргүүн болох VI Фелип хаан гамшигт өртсөн иргэдэд бүхий л талаар тусална, зам харгуй нь таслагдсан бүс нутгуудад Зэвсэгт хүчнийг дайчлаад байгаагаа мэдэгджээ. Харин испаничуудын дийлэнх нь засаг төрийнхөө шийдвэрт сэтгэл дундуур байгаа аж. Гамшгаас сэргийлэх үүрэгтэй албаны улс анхааруулга сэрэмжлүүлгээ цаг тухайд нь хүргээгүйгээс болоод иргэд авто замаас холдож чадаагүй, өндөрлөг газарт очих цаг байгаагүй хэмээн эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсээр байна.