-Хот хөлдөх, харанхуй болох аюул дэргэд байна-

Нийслэлчүүдийг дулаацуулдаг станцууд “тэтгэвэр”-тээ гарч хэмнэлт, хязгаарлалтын горимд шилжих эрсдэлд тулж ирснийг ойрын үед бүх түвшинд ярьж хэлж байна. Тухайлбал, ДЦС-III станц гэхэд 1968 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын дулааны хангамжийн 31 хувь, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн 14 хувь, уурын хэрэглээний 47 хувийг хангадаг 1100 ажилтантай станц аж. Станцын өнөөгийн нөхцөл байдлын талаар “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддоржтой ярилцлаа.

-Улаанбаатар хотын 30 хувийг дулаанаар хангадаг танай станцын хувьд өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?

- Манай станц өнөөдрийн байдлаар 10 зуух, найман турбинтэйгээр 148 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Зуухнуудын шинэчлэлийг 2005-2009 онд хийсэн. Харин  турбинуудыг огт шинэчлээгүй, 45-47 жил ажиллаж байна гэсэн үг. Нэг ёсондоо уур үйлдвэрлэдэг турбины ажилласан цаг дуусаж, цууралт үүссэн. Энэ цууралтууд нэмэгдэж томоохон хүрээг хамрах, улмаар дэлбэрвэл ганц зуухаар зогсохгүй станцаа зогсоох хэмжээний эрсдэлд оруулж хот хөлдөх, харанхуй болох аюул дэргэд байна. Станцын нийт тоноглолын 20 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Алдагдалтай ажилладаг тул иж бүрэн засвар шинэчлэл хийх боломжгүй учраас хамгийн их эвдрэлтэй гэсэн тоноглолоо засаж сэлбэх төдийгөөр аргацааж өнөөдрийг хүрсэн. 220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна. Цахилгааны хязгаарлалтыг хэрэглэгчид өнгөрсөн жил ойлгосон байх. Дээр нь дулааны хязгарлалт хийх эрсдэл хоолойд тулчихаад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, гадаа -30 хүрэхэд бид усыг 120 градус хүртэл халаах ёстой. Тэр хэмжээнд хүргэж халааж чадахгүй. Учир нь уур буюу хүчин чадал хүрэлцэхгүй.

Он удаан жил ажилласан ган төмөр хоолой ч гэсэн элэгдэж хуучирч гагнаж нөхөөд ч засал авахгүй сэмэрсэн даавуу шиг сиймхий болдог. Тиймээс 20МВт-ын чадалтай нэг турбины ажиллагааг мэргэжлийн байцаагчийн дүгнэлтийн дагуу 2024 оны 3-р сард зогсоосон. 20МВт чадал гэдэг бараг хоёр аймгийн хангах хэмжээний эрчим хүч. Тэр хэрээр Улаанбаатар хотын дулаан хангамж буурч байна гэсэн үг. Ийм байдлаар станц, эрчим хүчний салбар цааш ажиллах, өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломжгүй болсон учраас ард түмэнд үнэн учраа тайлбарлахаас аргагүйд хүрлээ.

-Шинийг авч тавих боломжтой юу?

- Яг ийм турбиныг зах зээлээс 30 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авах боломжтой. Станцын их засвар, хөрөнгө оруулалт нийт 20 тэрбум төгрөг л болж байгаа тул шинэ турбин авах эдийн засгийн боломж станцад байхгүй.

Бидэнд тулгамдаж буй бас нэг асуудал бол үнсэн сан. 2001 онд шинэ үнсэн сан байгуулсан боловч өнөөдөр 60 хувь нь дүүрсэн. Хэрэв үнсэн сангүй бол станц үнсээ хаях газаргүй болж цаашлаад зуухнууд ажиллах боломжгүй. Зуух ажиллахгүй бол станц зогсоно гэсэн үг. Шинэ үнсэн санг 2027 онд ашиглалтад оруулахгүй бол станцын үйл ажиллагаа доголдож эхэлнэ.

Шинэ үнсэн сан байгуулахад багадаа хоёр жилийн хугацаа орно. Зураг төслийг хийсэн. Харин барихад 40.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Сүүлийн хоёр жилийн турш төр засагт асуудлаа тавьсан ч улсын төсөвт тусгаагүй. Тиймээс эрчим хүчний тарифыг өнөөдрийн бодит өртгөөр нь хэрэглэгчдэд борлуулж байж тулгамдаж буй зарим асуудлыг шийдэх боломж гарахаар байна.

-Хэр хэмжээний алдагдал хүлээж байна вэ. Алдагдаж хүлээж буй зөрүүг тоо баримттайгаар тайлбарлавал?

-Манай станц 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо судалгаа гарсан. Дулааны эрчим хүчийг 24683 төгрөгөөр үйлдвэрлэж 7215 төгрөгөөр хэрэглэгчдэд худалддаг. Өөрөөр хэлбэл, 1 Гкал дулаанаас 17467 төгрөгийн алдагдал хүлээдэг. Зөвхөн энэ зөрүүнээс 14.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг.

-Салбар тэр чигээрээ боловсон хүчний хомсдолд орсон гэдгийг Багануур, Шивээ-Овоо компанийн удирдлагууд хэлсэн. Танай станцын хувьд ажиллах хүч хэр байна вэ?

-Станцын 1100 ажилтнаас жилд 150-170 ажилтан ажлаас гарч байна. Тэтгэвэрт, гадны байгууллагуудад, уул уурхайн салбарт, гадаад руу явж байна. Залуучууд шинээр орж ирээд сар хүрэхгүй хугацааны дараа гарчихдаг. 1940 -өөд оны тоноглолтой хуучин станцын ажиллах орчин нөхцөл хүнд, цалин хангамж багатай. Нарийн мэргэжилтнүүдийг уул уурхай, барилгын салбарынхан өндөр цалин амлаж, нийгмийн асуудлыг нь шийдээд аваад явчихдаг. Амьдралаа бодоод явж байгаа хүнд хэлэх хүн байхгүй шүү дээ.

Жишээлбэл, станцын зуухуудыг олон үзүүлэлтээр тааруулж, хаана нь ямар хэмжээний илч өгөх, хасах зэргээр галаа тохируулдаг ийм нарийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн зах зээлээс олох боломжгүй. Одоогоор нарийн мэргэжлийн 29 ажилтны дутагдалтай байна.

-Цаашид яах вэ. Гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ, та бүхэн?

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, найдвартай эрчим хүчээр хангадаг болох зайлшгүй шаардлагатай. Мөн мэргэжилтэй ажилтнуудыг бэлдэж сургах, цалин нэмэх хэрэгтэй. Хамгийн гол нь дулааны эрчим хүчийг өөрийн өртөгт нь хүргэж бодит үнээр нь зах зээлд борлуулахгүй бол салбар өндийхгүй, улам л гүн ангал руу унана.

-Хязгаарлалт хийхдээ хэрэглэгчдэд урьдчилж мэдэгдэх боломжтой юу?

-Олон нийт “Урьдчилж мэдэгдэхгүй цахилгаан тасаллаа” гэдэг. Урьдчилж хэлэх боломжгүй гэнэтийн ачаалал гардаг. Орой нэгэн зэрэг бүгд цахилгаан хэрэгслээ залгавал ачаалал ихсэж, чадлын дутагдалд орж болно. Эрчим хүчний системийн үйлдвэрлэл, хэрэглээ нь зэрэг явагддаг онцлогтой. Хэрэв энэ нь зөрвөл давтамж алдагдаж, эрчим хүчний системд аваарын байдал үүснэ. Хэрэглэгчийн хэрэглээ үйлдвэрлэж буй эрчим хүчнээс илүү гарвал шууд тасалдаг тул урьдчилан мэдэгдэх боломжгүй гэж үүнийг хэлж байгаа юм.