Тус улсад сургуулийн өмнөх насны боловсрол олгох байгууллагын тоо өнгөрсөн онд түрүү оных нь мөн үеийнхээс таван хувиар буурчээ. 2022 онд Хятад даяар нийт 289,200 цэцэрлэг ажиллаж байсан бол энэ тоо өнгөрсөн онд 274,400 болон буурсан байна. Хятадын Боловсролын яамнаас өчигдөр гаргасан тайлан мэдээнд дурдсанаар өнгөрсөн 2023 онд орон даяар сургуулийн өмнөх насны нийт 40,9 сая хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан нь 2022 оныхоос даруй 11 хувиар буурсан үзүүлэлт аж. Өмнө нь цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн зориулалтаар ашиглаж байсан олон ч барилга байшинг ахмад настнуудын асрамж, сувиллын газар болгосон тохиолдол ч нэлээд байна.
Хятадын эрх баригчид жилээс жилд буурч байгаа төрөлтийн үзүүлэлтээ өөрчлөх гэж олон бодлого хэрэгжүүлж байгаа авч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Зарим бүс нутагт, тухайлбал нутгийн өмнөд хэсэгт орших Гуандун мужийн зарим тосгонд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн айлд 10 мянган юань, гурав дахь хүүхдээ өлгийдсөн айлд 30 мянган юань амлаад ч төрөлт нэмэгдээгүй аж.
Хэдэн арван жил үргэлжилсэн Нэг хүүхэд бодлого 2016 онд цуцлагдсанаас хойш хятад хосууд гурав хүртэлх тооны хүүхэдтэй болох эрхтэй болсон ч энэхүү өөрчлөлт төрөлт нэмэгдэхэд огт нөлөөлөөгүй байна. Өнгөрсөн онд Хятадын хүн ам 2.08 саяар буурсанаас гадна урьд хожид байгаагүй шинэ доод үзүүлэлт буюу 1000 хүн тутамд 6.39 төрөлт ногдох хэмжээнд хүрчээ.