Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал, Жагсаал, цуглаан хийх журмын, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгалаа.