Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда моторс” болон “Ниссан моторс” корпорац нэгдэж, борлуулалтаараа дэлхийд гуравдугаарт орох амбицтай буйгаа зарлаад байна. Мөн тэдэнтэй “Мицүбиши моторс” нэгдэх аж. Энэ оны эхний 11 сарын байдлаар “Хонда моторс” нийт 3.4, “Ниссан моторс” 2.9 сая, “Мицүбиши моторс” 872.5 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнөөдөр албан ёсны цахим хуудсандаа тэд мэдээлжээ. Эдгээр үйлдвэрлэгчийн хувьд цахилгаан автомашины зах зээл дэх нөлөөгөө тэлэхийн тулд ийм алхам хийснээ онцолж буй.

Автомашины зах зээлийн талаар дагнасан судалгаа явуулдаг “Focus2Move” агентлагаас өнгөрсөн сард гаргасан тайланд дурдсанаар “Ниссан моторс” харьяалагддаг “Renault Nissan” эвсэл 2024 оны эхний есөн сарын байдлаар таван сая борлуулалт хийж, “Топ 10”-ын дөрөвдүгээрт эрэмблэгджээ. Мөн тус жагсаалтад “Хонда моторс” 3.1 сая борлуулалттайгаар долдугаарт бичигдсэн байна. Эл жагсаалтыг “Toyota” групп 8.5 сая борлуулалтаар тэргүүлж, “Volkswagen” 6.8 сая үзүүлэлттэйгээр удаалжээ.

Өнгөрсөн оны үзүүлэлтээр “Toyota” дэлхийн автомашины зах зээлийн 11 хувийг эзэлж нэгдүгээрт бичигдсэн бол “Хонда моторс” 4.8 хувьтай тэнцэх борлуулалт хийн гуравдугаарт жагсаж байв. “Ниссан моторс”-ын тухайд 3.8 хувьтайгаар зургаа, “Мицүбиши моторс” 0.9 хувьтайгаар 32 дугаарт эрэмблэгджээ. Тэгвэл “Brandfinance”-аас мэдээлснээр 59.4 тэрбум ам.долларын үнэлгээгээр “Mercedes-Benz” хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож буй бол “Тесла” 58.2 тэрбум “ногоон”-оор аман хүзүүджээ. Харин гуравдугаарт “Toyota” 52.6 тэрбум ам.доллароор эрэмблэгдэж, “Хонда моторс” 25.9 тэрбумаар долдугаарт жагсаж байна.