650 хүнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсын хөгжлийн бэрхшээлтэй 650 иргэнд хиймэл гар, хөл үнэ төлбөргүй хийж эхэлжээ. Өдөрт 15 хүнд протез хийхийн сацуу хиймэл, хөл гарыг арчлах, сэргээн засварлах сургалт, хөдөлгөөн засал, гэмтлийн дараах стрессийг бууруулах зөвлөгөө, мэдээлэл өгч буй юм байна.

Протез үйлдвэрлэлийн үйл явцтай танилцлаа

Өдгөөгөөс жил гаруйн өмнө эхлүүлсэн уг ажлыг Энэтхэгийн хүмүүнлэгийн BVMSS байгууллагын “Жайпур фүүт” төслийн хүрээнд энэ сарын 25-наас арваннэгдүгээр сарын 9 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд мэргэжилтэн, техникийн ажилтнууд нь Энэтхэгээс хүрэлцэн иржээ. Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэдийг хамруулах агаад Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгуулж байна. Уг төв, протез, ортопедийн үйлдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ удаа хамтран ажиллаж, энэтхэгчүүдээс суралцаж буй.  

“Нэг хүн ч өөрчлөлт авчирч чаддаг”

1975 оноос эхлэлтэй “Жайпур фүүт” төслийг 21 оронд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 2.2 сая иргэнд хиймэл хөл, гар хийж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том эл байгууллагынхны хийдэг хиймэл эрхтэнүүд хөнгөн, хөдлөхөд эвтэйхэн, хуруу, шагайгаараа хөдөлж, нугалж болдог, эдэлгээ бөх гэдгээрээ алдартай аж. Стэнфордын их сургуультай хамтран боловсруулсан хиймэл өвдөгний үе нь дэлхийн технологийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байж. Бас хиймэл хөлийг тааруулах арга, технологи нь хурдан учраас богино хугацаанд олон хүнд тусалж иржээ. Энэтхэг, Монголын Засгийн газрын хамтарсан “Жайпур фүүт” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта өчигдөр нээлтийн ёслолд оролцохдоо өөрсдийн үйлдвэрлэлийн технологийг “онцгой” хэмээн онцолж, “Бидний хийсэн хөл, гартай байхад жирийн хүн шиг л алхаж, гүйж, бүжиглэж болно” гэсэн юм. Эл төслийн хүрээнд эхний ээлжинд хөл, гар хийлгэсэн хүмүүс ч хөнгөн, эвтэйхнийг нь хэлж, талархаж байлаа.

Энэтхэг, Монголын Засгийн газрын хамтарсан “Жайпур фүүт” төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта

Төслийн багийн ахлагч Сатиш Чанд Мехта хандивлагч, сайхан сэтгэлт хүмүүсийн энэ үйл хэрэгт зарцуулаарай гэж өгсөн мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулахын тулд бид өөр өөрсдийн унааг хэрэглэж, уух усныхаа мөнгийг ч халааснаасаа гаргадаг” хэмээснийг энд тэмдэглэе. Хүмүүнлэгийн BVMSS байгууллагыг 88 настай хүн санаачилж, үүсгэн байгуулсныг тэрбээр дурдаад, “Нэг хүн ч өөрчлөлт авчирч чаддаг юм шүү” хэмээн, амжилт хүслээ.    

 

Л.Энх-Амгалан: Протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэгдүүлнэ

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэн бий. Үүний 21 мянга нь хөдөлгөөний бэрхшээлтэй. Тэдний 8000 орчим нь тэргэнцэртэй гэх мэдээллийг холбогдох төрийн бус байгууллагынхан хэлдэг. Гэхдээ улсын төсвийн хөнгөлөлт, дэмжлэгээр жилд 3000 иргэн протез, ортопед хийлгэх боломжтой. Хиймэл хөл, гар хэрэглэдэг хүмүүс гурван жил тутам протез, ортопедоо солих шаардлагатай гэдэг бөгөөд улсын хэмжээнд эдгээрийг үйлдвэрлэх гурван үйлдвэртэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон УИХ-д сонгогдсон гишүүн О.Саранчулуун дээрх төсөлд анхнаас нь идэвхтэй оролцсон. Эл төслийн нээлтэд оролцож, үг хэлэхдээ тэрбээр долоо дахь хиймэл хөлөө хэрэглэж буйгаа дурдаад, манай нөхцөлд зам, дэд бүтэц муу учраас амархан элэгдэж, эвдэрдгийг хэлж байлаа. Төслийг эхлүүлэх үед фэйсбүүк хуудсаар дамжуулан протез, ортопед хийлгэх иргэдийг бүртгэхэд 800 гаруй хүн тэдэнд ханджээ. Тэднээс өнөөдрийг хүртэл хиймэл хөл, гараа хийлгэх гэж хүлээсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь ч нэг бус гэнэ. Ямартай ч хөнгөн, шинэ технологийн хөл, гартай болох гэж буй хүмүүсийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж, талархаж буйгаа илэрхийлсэн гишүүн О.Саранчулуун “Хол явахад сайн хөл хэрэгтэй. Илүү хол явж гэр бүлдээ баяр баясал авчраарай” гэв. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан төслийг нээж үг хэллээ.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай яамнаас боловсруулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Саадгүй байдал, хүртээмжийн болон Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төсөлд туслах технологи, хиймэл эрхтний талаарх зохицуулалт чухал байр суурь эзэлж байгаа. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр, төрөл, жишиг үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн протезийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлд нь шинэ техник, технологи нэвтрүүлэхэд анхаарч буй” гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, ажиллагсдынх нь чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаагаа дуулгав.

Н.Моди: Нэг дэлхий бол нэг гэр бүл, нэг ирээдүй

БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурве

Өнгөрсөн оны сүүлчээр нутаг буцсан Элчин сайд Мохиндер Пратап Сингх эл төслийг эхлүүлсэн аж. Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Элчин сайд Атул Малхари Готсурве уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй хоёр талын бүх хүнд талархал илэрхийлээд, Энэтхэгээс ирж ажиллаж буй мэргэжилтэн, техникийн ажилтнуудыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Тэрбээр Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди “Нэг дэлхий бол нэг гэр бүл, нэг ирээдүй” хэмээн хэлснийг онцлохын сацуу тус улсын хүүхдүүдийн сурах бичигт дархлагдсан “Миний хийж буй үйл бүхэн улсынхаа иргэнд хэрхэн туслах вэ гэдэгт чиглэх ёстой” гэсэн М.Гандигийн үгийг дурдан, энэ зарчмаас хазайхгүй ажиллахын төлөө бүхий л чадлаа зориулна хэмээв.