Хүмүүс бид өдөр тутмын хүнсний хэрэглээндээ хийжүүлсэн ундааг хэрэглэдэг болоод уджээ. Өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа хэрэглэх нь биеийн жингийн индексийг нэг нэгжээр нэмэгдүүлдэг болохыг ДЭМБ-аас мэдээлжээ. Хийжүүлсэн ундаа их хэрэглэснээс болж шүд өвчлөх, ясны сийрэгжилт, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсдэг. Шүд өвчлөх хамгийн эхний шалтгаан паалан гэмтэх.
Томчууд төдийгүй хүүхдүүдийн хийжүүлсэн ундаа уух нь нэмэгдсээр байна. Хийжүүлсэн ундааг үйлдвэрлэхдээ нүүрсхүчлийн давхар ислээр баяжуулсан хийжүүлсэн усан дээр баяжмал бүтээгдэхүүн нэмж хийдэг.
Хийжүүлсэн ундаанд донтох нь бий. Энэ нь нүүрсхүчлийн давхар исэл хийжүүлсэн устай нэгдэж, чихэрлэг, таатай мэдрэмж төрүүлснээр дахин хэрэглэх дадал бий болдог. Мөн хийжүүлсэн ундаанд хадгалалт уртасгагч, будагч, хүчиллэгжүүлэгч зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон төрлийн нэмэлт бодис агуулагддаг.
Өсвөр насны хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлыг НЭМҮТ болон бусад байгууллагын хамтарсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн судалгаагаар хийжүүлсэн ундааны хэрэглээг гаргасан байдаг.
Байршил болон хүйсээр нь авч үзвэл нэг ба түүнээс олон удаа хийжүүлсэн ундаа уусан суралцагчдын хувьд ялгаатай байдал ажиглагдаагүй. Харин хийжүүлсэн ундааг сүүлийн долоо хоногт гурав ба түүнээс олон удаа уусан суралцагчдын эзлэх хувь анги ахих тутам буурчээ.
Чихэрлэг ундааг сүүлийн долоо хоногт нэг болон түүнээс олон удаа хэрэглэсэн эмэгтэй суралцагчдын хувь эрэгтэй суралцагчдаас илүү байна. Анги ахих тутам хөдөө орон нутгийн суралцагчдын хэрэглээ буурч байсан бол хотын суралцагчдын хувьд буурсан үзүүлэлт ажиглагдаагүй ажээ.
Сүүлийн долоо хоногт хийжүүлсэн ундаа огт уугаагүй суралцагчид хотод 27.0 хувь, хөдөөд 35.8 хувь. Чихэрлэг ундаа огт уугаагүй суралцагчид хотод 28.4 хувь, хөдөөд 39.5 хувь гэсэн судалгаа гарчээ. Судалгаанаас харахад хөдөө амьдарч буй хүүхдүүд хотын хүүхдүүдтэй харьцуулахад хийжүүлсэн ундааны хэрэглээ нь харьцангуй байна.