2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагын удирдагч, Хамас бүлгийн лидер Яхъя Синварыг Израиль улс хоёр дахь удаагаа хөнөөгөөд байна. Эцсийн эцэст өнгөрсөн лхагва гаригт Газын зурвасын өмнөд хэсгийн нэгэн барилгад цэргийн тусгай ажиллагаа явуулахдаа Синварын махан биеийг тонилгож, жилийн өмнөх аймшигт халдлагад амиа алдсан 1.200 хүнийн сүнсийг бага ч гэсэн амирлуулжээ. Хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан, Израилийн түүхэн дахь хамгийн аймшигтай халдлагын уураг тархи гэгдэж байсан нурангин дунд хэвтэх Яхъя Синварын амьгүй бие цогцсыг олон нийтэд харуулав.

Энэхүү дайны явцад Израилийн элит хүчин олон дайсан, эсрэг талын олон лидерийг устгасан ч ингэж зураг, бичлэг дэлгэж байсангүй. Синварын цогцсыг Израильд авчирсан ч тэрээр олон палестины хувьд хутгийг олсон баатар, Израилийн эзэрхийллийн өмнө хэзээ ч бууж өгөөгүй баатарлагийн үлгэр жишээ болон үлдэж байна.

“Барилга дотор алан хядагч байгаа гэдгийг бид мэдсэн. Байшинд бөмбөг тэсэлж, буудсаны дараа нэвтрэн орж нэгжлэг хийсэн. Тэрээр сум үл нэвтрэх хантааз, гартаа атгасан буу, халаасандаа 40 мянган шекел (Израилийн мөнгө)-тэй нөгөө ертөнцөд одсон байдалтай байв. Тэр Израилийн довтолгооноос зугтааж явсан, зугтах гэж оролдсон. Гэвч манай цэргүүд түүнийг устгаж чадлаа” хэмээн Израилийн армийн төлөөлөгч цэргийн тусгай ажиллагааны талаар мэдэгдэхдээ онцолжээ. Тухайн цаг үед израиль цэргүүд Синварын араас тусгайлж мөрдөөгүй байсан аж. Харин Израиль улс Газын зурвас дахь дайсны лидерүүдийг мөшгих хоёр тусгай баг томилсны нэг нь Газын зурвас руу орж алан хядагчдын удирдагч Синварыг устгах тусгай даалгаврыг гүйцэтгэжээ.

Дайснаа устгасан нотолгоог өмнө нь ийм тод томруунаар харуулж байсангүй. Хезболлагийн лидер Хасан Насралла, түүний орыг залгасан гэх Хашем Сафедин, Яхъя Синварын өмнөх лидер Исмаил Хания, Газын зурвас дахь Хамасын цэргийн ажиллагааны удирдагч Мохамед Деиф гээд Израилийн довтолгоонд өртөн амиа алдсан дайснуудын зураг, бичлэгийг харуулаагүй.

Эцэс төгсгөл нь одоо ч үл харагдах энэ дайнд Израиль ялалт байгуулж буйгаа тунхаглаж Синварыг устгасан бичлэгээ баримтжуулан цацлаа. Бүр амьсгал хураахын өмнөх үеийг нь дроноор бичиж авчээ. Дэлбэрэлтийн нуранги, тоосонд дарагдан, толгойгоо даавуугаар ороон ганцаараа суух эрэгтэй харагдана. Хүнд шарх авсан баруун гараа арай ядан хөдөлгөж, нэг хавтанг зүүн гараараа өмнөө байгаа тавилга руу шидэж байгаа нь бичлэгт үлджээ. Энэ  бол Хамасын лидерийн амьтай голтой байсан сүүлчийн мөч. Ажиллагааны талаарх албан ёсны мэдээнд, Синвартай хамт байсан өөр хоёр хүн түүнээс салж явсан ч холгүй орших нэгэн байшинд байхад нь устгасан аж.

Хамас буюу Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн баасан гаригт видео мэдэгдэл хийж лидерээ алдсанаа хүлээн зөвшөөрчээ. “Тэр тулаанд амиа алдлаа. Дайн дуусаагүй цагт Израилийн барьцааны хүмүүсийг суллахгүй” хэмээн тус бүлгийн бодлогыг зангиддаг Халил Хаяа мэдэгджээ. Түүнийг Хамасын удирдлагыг шилжүүлэн авсан хэмээн үзэж байгаа аж. Харин Израилийн хэвлэлд Синварыг нохойн үхлээр дууссан хэмээн тодотгож, 2011 онд төгсгөл нь ирсэн Ливийн удирдагч Муаммар Каддафитай зүйрлэжээ. Замын доорх усны хоолойд нуугдаж байгаад босогчдод баригдсан Каддафийг уурсаж хөөрсөн иргэд буудан амь насыг хороосон. Тухайн үедээ энэ бичлэг дэлхий даяар дуулиан тарьж байсан билээ. Израиль улс Синварын цогцсыг авчирч баруун гарынх нь бугуйвч, цаг зэргээс авахуулаад биед нь байгаа бүх зүйлийг нарийн судалж байна.

Жилийн өмнө Хамасын дайчид Израильд болж байсан хөгжмийн наадам руу дайран орж 1.200 орчим иргэний аминд хүрч, 500 орчим хүнийг барьцаалсан халдлагын уураг тархи гэгдэж байсан Яхъя Синвар Газын зурвасын газар доогуурх хонгил дамжин нуугдаж явсаар нэг л өдөр илчлэгдэн ийнхүү амиа алдлаа.

Синвар байхгүй болсноор Газын зурвас дахь дайн төгсгөл болох тал руугаа орж, барьцааны хүмүүсийг суллах зам нээгдлээ гэж байна. Гэвч удирдлагагүй болсон Хамас бүлэг барьцааны хүмүүстэй ширүүн харьцаж магадгүй, Хамасын дайчдад тушаал өгч удирдаж байсан хүн байхгүй болчихоор эмх замбараагүй байдал үүсч магадгүй хэмээн анхааруулжээ.