Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчин бүрдүүлж, ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарснаар бүтээмжтэй ажиллах, үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрддэг. “Үйлчлүүлэгч бол хаан” гэж ханддаг ч ажилтнууддаа түлхүү анхаарал хандуулснаар бүтээмж өсөх боломжтой. Ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах, эсэх нь удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас ихээхэн хамаардаг. Тиймээс бид ажилтнуудынхаа сэтгэл ханамжид байнга анхаарал хандуулах нь зүйтэй. Сүүлийн гурван жилд эрт илрүүлгийг нийт хүн амд хийсэн. 6-14 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд судалгаанд хамрагдсан гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байгаа нь илэрсэн” гэв. Мөн СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд “ДЭМБ-ын судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа дүн гарсан. Дэлхий даяар нийт 970 сая хүн энэ төрлийн эмгэгтэй байна. Манай улсын хувьд 2013-2019 онд хийсэн судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.2, органик бус нойрны эмгэг 18.5, архаг ядаргаа 16.2, тайлбарлаж болохгүй биеийн зовиур 16.9 хувийг эзэлж байна. Ялангуяа Улаанбаатарт сэтгэцийн гаралтай стрессийн эмгэг маш өндөр хувьтай гарсан. Хүн дийлэнх цагаа ажлын байран дээр өнгөрөөдөг. Тиймээс ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал” хэмээн онцоллоо.