Гринландын парламентын гуравны хоёрт нь суудалтай эрх баригч “Сиумут” (Урагшаа) нам ирэх сарын 11-нд болох парламентын сонгуулийн дараагаас Гринландыг Даниас бүрэн тусгаар тогтнуулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар Данийн Засгийн газартай зөвшилцөж эхэлнэ гэлээ.
Дональд Трамп Гринландыг Америкийн хувьд стратегийн онц чухал бүс нутаг тул Даниас тус арлыг ашиглах, бүр худалдаж авах зөвшөөрөл хүснэ, шаардлагатай гэвэл цэргийн хүч ч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн билээ. Харин Трампын энэ байр суурь Гринландын нутгийн иргэдийн дунд бие даах, тусгаар тогтнох хүслийг улам бадрааж өглөө гэж дээрх намынхан онцолсон байна.
Трампын санаархлыг сөрж, Данийн эрх баригчид Гринландад байрлах цэргийн тоог нэмэх зорилгоор батлан хамгаалахынхаа салбарт хоёр тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөснөө өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Гринландын иргэдийн дунд явуулсан тандалтын судалгаанд хамрагдагсдын 88 хувь нь Америкийн нэг хэсэг болох хүсэлгүй байна гэсэн бол 61 хувь нь тусгаар тогтнох явц урт удаан хугацаанд үргэлжлэх тул одоогоор шийдтэй хариу хэлж мэдэхгүй байна гэжээ. Хэрэв бүх нийтийн санал асуулга явуулахыг Данийн Засгийн газрын зүгээс зөвшөөрвөл гринландчууд 2029 онд арлынхаа хувь заяаг шийдэх бололтой.