Герман даяр шинэ жилийн баярын үеэр салют буудуулснаас болж таван хүн амь насаа алджээ. Тодруулбал, Саксонийн Осчац хотод 45 настай эрэгтэй салют буудуулснаас болж толгойдоо хүнд гэмтэл авч нас барсан байна. Энэ нь F4 ангиллын хүчтэй салют байсныг албаныхан онцолжээ. Зүүн бүсийн Харта хотод 50 настай эрэгтэй салют буудуулахдаа гэмтэл авч газар дээрээ нас барсан байна.

Мөн 24 настай залуу Хойд Рейн Вестфалийн Гесеке хотын ойролцоо, 20 настай залуу Гамбург хотод гар хийцийн салют ашигласнаас болж нас баржээ.

Түүнчлэн Берлин хотод шинэ он угтсан баярын үеэр гал сөнөөгчид болон онцгой байдлын албаны бусад ажилтнууд халдлагад өртөж, шархаджээ. Онцгой байдлын ажилчид руу халдлага үйлдсэн 13 тохиолдол бүртгэгдсэн байна. Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчид нийт 400 хүн баривчилжээ.

Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фаезер үймээн самууныг буруушааж, гэмт хэрэгтнүүдийг "хамгийн хатуу" яллах болно гэж мэдэгдсэн юм.

Германы пиротехникийн нийгэмлэгээс дээрх осол гэмтэл нь гар хийцийн салютуудад хамаатай гэдгийг онцлоод аюултай тэсэрч дэлбэрэх бодистой хууль бусаар харьцаж, ашиглахгүй байхыг уриалсан юм. Тус улсад салютыг хувийн хэрэглээнд ашиглахгүй байхыг уриалдаг. Гэсэн ч жил бүр пиротехникийн хэрэгсэл германчуудын шинэ жилийн баярынх нь чухал хэсэг нь байсаар иржээ.

Германы байгаль орчны байгууллагаас шинэ оны өмнөхөн пиротехникийн хэрэгслийн худалдааг улсын хэмжээнд хориглохыг уриалсан. Гэсэн ч он солигдох мөчид салют ашигласнаас үүдэн олон хүмүүст аймшгийн шөнө болж өнгөрлөө гэдгийг онцолжээ.