НҮБ-ын Хүний эрхийн хороо Газын дайн хурцадсан сүүлийн зургаан сарын хугацаанд амиа алдсан хүмүүсийн 70 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна хэмээгээд энэ удаагийн дайнаар олон улсын өч төчнөөн хууль зөрчигдсөн, хожмоо холбогдох албаныханд хариуцлага тооцох хэрэгтэй гэж мэдэгдлээ. Хохирогсдын дунд энгийн иргэд ийм олноороо байгаад Израилийн Зэвсэгт хүчин хүн ам шигүү суурьшсан бүсэд өргөн хүрээний агаарын довтолгоон явуулсан нь хамгийн ихээр нөлөөлсөн гэх ч Палестиний зэвсэгт хөдөлгөөнүүдийн тооцоогүй, нарийвчлалгүй олон удаагийн халдлагад энгийн иргэд өртсөн нь ч мөн нэлээд олон байна. Амь үрэгдэгсдийн албан бүртгэлд бичигдсэн нэрсийн 44 хувь нь хүүхэд, 26 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол амиа алдсан энгийн иргэдийн 80 хувь нь жирийн орон сууцны нурангид дарагджээ.
Газа дахь “Хамас”-ын хариуцдаг Эрүүл мэндийн яам сүүлийн 13 сарын хугацаанд Израилийн агаарын халдлагад нийт 43 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо гаргасан юм. Үүнийг нь НҮБ байж болох хамгийн бодит тооцоо гэж үзэж байна.