Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Ганын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо нутгийнхаа баруун хязгаарт нэгэн эмнэлгийн урд өөрийнхөө хөшөөг нээсэн нь ганачуудын дургүйцлийг хүргэж, ялангуяа сошиал медиа дээр олны элэг доог болж байна. Ирэх нэгдүгээр сард суудлаасаа буух тэрээр ард түмэндээ амласан амлалтынхаа 80 хувийг биелүүлснээ зарлаж, улс орноороо талархлын аян хэмээн нэрийдсэн тойрон айлчлал хийж байгаа аж. Харин Ганын иргэд Акуфо-Аддог засгийн эрхээс буумагц хөшөөг нь буулгана; улс оронд нь дутуу баригдсан зам, гүүр, барилга байшин олон байхад үргүй зардал гаргалаа; анхнаасаа ард иргэдээ гэсэн сэтгэлгүй байсан нь үүгээр харагдлаа гэх зэргээр шүүмжилж байна.
Энэ жил 80 настай Акуфо-Аддо 2017 онд Ерөнхийлөгч болсон юм. Түүнийг төрийн мөнгийг олон зүйлд буруу зарцуулсан, зөвхөн тойрон хүрээлэгчдээ л харж хандсан хэмээн шүүмжлэх хүн олон ч Ганын бүрэн дунд шатны боловсролыг үнэ төлбөргүй болгосон нь хамгийн том гавьяа нь гэж үзэх хүн цөөнгүй байдаг аж.