Японы алдарт Фүжи уул одоог хүртэл цасгүй байгаа нь мөнх цасыг нь 130 жилийн өмнөөс ажиглаж, бүртгэж эхэлснээс хойших жилийн өдийд цасгүй байгаа хамгийн анхны тохиолдол болж байна. Фүжи уул аравдугаар сарын эхэн гэхэд л мөнх цасан оройтой болдог бол энэ жил Японд түүхэнд байгаагүй хамгийн халуун буюу зургадугаар сараас наймдугаар сар хүртэлх өдрийн халуун нь дунджаас цельсийн 1.76 градусаар илүү байсан нь энэ удаагийн үзэгдэлд нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ.
Японы Ус, цаг уурын газрын тооцоогоор нутгийн 1500 орчим бүсэд мөн олон жилийн дунджаас дулаахан намар, өвөл болж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сард нутгийн зарим хэсэгт бүр 35 градус хүрч халсан нь мөн л урьд хожид байгаагүй мөн үеийн хамгийн оргил халуун болж бүртгэгджээ. Фүжи уул оройдоо цасгүй намрын сүүл сартай золгож байсан хамгийн сүүлийн тохиолдол 2016 онд бүртгэгдсэн бөгөөд тэр жилийн аравдугаар сарын 26-нд цас орж байсан аж. Харин ноднин жил аравдугаар сарын 5-ны өдөр цас орсон байна.