Грекийн хоёр дахь том хот Фессалоники хотын метроны нэгдсэн сүлжээ баригдаж эхэлснээсээ бараг хорин жилийн дараа ашиглалтад оржээ. Харин буудал, зогсоолуудыг нь барилгын ажлын үеэр газрын гүнээс олдсон археологийн үнэт олдвор, эртний барилгын туурь, эд өлгийн зүйлсээр чимэглэсэн нь тун өвөрмөц болсон байна. Метроны сүлжээг анх 3-4 жилийн дотор барьж дуусна гэж тооцоолж байсан ч хотын баялаг түүх барилгын ажилд “саад” болсоор өдий хүрчээ.

Грекийн хойд хэсэгт, Эгейн тэнгисийн эрэгт орших Фессалоники хот нийтийн тооллын өмнөх 316 онд Македоны хот болон байгуулагдаж байсан агаад Агуу Александр хааны охин дүүгийн нэрээр нэрлэгдсэн аж. Нэгэн цагт Македоны нийслэл байсан ч хожмоо Ромын эрхшээлд орсон энэхүү хотыг визант, оттоманчууд мөн эзлэн сууж байсан түүхтэй. Харин 1960-аад онд аж үйлдвэрлэлийн хот болжээ.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн хотын метроны сүлжээ нь нийт 13 зогсоолтой, буудал болгон нь археологийн үзмэрээр баялаг тул “архео-буудал” ч гэж нэрийдэж болно хэмээн Грекийн Соёлын сайд Лина Мендони ярьсан байна. Метроны сүлжээг барьж байгуулсан хүмүүс байсгээд л эртний Грекийн үед хамаарах булш бунхан юм уу, Ромын эзэнт гүрний үеийн барилга байшингийн туурь, Византын шигтгэмэл зураг зэрэгтэй таарч байснаас ажил нь удааширч, бүтэн 18 жилийн дараа л ийнхүү ажлаа дуусгавар болгосон аж. Метрог барих хугацаанд нийт 300 мянга орчим археологийн олдвор олдсон байна. Тэр бүхнийг газрын гүнээс гаргах хүндрэлтэй байсан тул албаныхан метроны буудлуудаа давхар музей болгохоор шийдсэн нь энэ гэнэ.

Өдөрт 250 мянга хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, түгжрэлтэй замаас ойролцоогоор 60 мянган автомашиныг цөөлөх Фессалоники хотын метро нь Грекийн хамгийн анхны бүрэн автомат, өндөр хурдны метроны сүлжээ болж байна. Зарим зогсоолынх нь барилгын ажил одоо ч дуусаагүй байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж. Метроны сүлжээг нийт гурван тэрбум ам.доллараар барьжээ.