“Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” аян үргэлжилж байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны нэрэмжит “Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” сэдэвт 21 хоногийн аяны хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн эмч, хоол зүйч, эрүүл мэндийн хичээлийн багш нарыг “Хүүхэд, өсвөр үеийн хоол тэжээл”-ийн чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах зорилготой “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” сэдэвт цахим сургалтыг 2024 оны аравдугаар сарын 7-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хоол яагаад чухал вэ?, Хооллолт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?, Бид юу идэх ёстой вэ?, Эрүүл бус хүнсний хэрэглээ зэрэг сэдвүүдээр хийсэн тус сургалтыг ХСХАБА-ны ЭША-ууд удирдан явуулав.
Цахим сургалтад нийт 450 гаруй мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн эмч, хоол зүйч, эрүүл мэндийн хичээлийн багш нар хамрагдсан бөгөөд цаашид оролцогчид өөр өөрийн орон нутаг, байгууллага тус бүртээ “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй" сургалтыг зохион байгуулж ажиллах юм.
“Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” сэдэвт 21 хоногийн аяны хүрээнд дараагийн ээлжид сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам зааврыг хэрэгжүүлэх нь” сургалт явуулах ба эрүүл зохистой хооллолтын талаар олон нийтэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлж, түүнчлэн ХСХАБА-ны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны үр дүнг олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөжээ.