Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны нэрэмжит 21 хоногийн аян” өрнүүлж байна.  Аяны хүрээнд эрүүл бус хүнсийг өсвөр насныхан түлхүү хэрэглэж байгаа талаар онцолж байна.

НЭМҮТ-ийн мэдээллээр өсвөр насны хүүхдийн дунд хоол тэжээлээс хамаарах эмгэгийн тархалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүний нэг жишээ илүүдэл жин ба таргалалт юм. Хоногт хоол хүнсээр авах илчлэг болон хөдөлгөөний илч зарцуулалт хоорондын тэнцвэрт бус байдлаас үүдэн биеийн жин нэмэгдэж, илүүдэл жин ба таргалалт үүсдэг. Илчлэг өндөртэй хоол, хүнс, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, түргэн хоол зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа нь өсвөр насны хүүхдүүд эдгээр хоол хүнсийг ихээр хэрэглэх шалтгаан болж түүнээс үүдэлтэй илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байна. Мөн хоол тэжээлийн дутагдлаас үүсэх уураг, илчлэг, А, Д аминдэм, төмрийн дутагдал нь хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болсон хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх нь халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.