М-Си-Эсийн угшлаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болуут эрх баригч намаар крандуулж “ногоон” гэрлээр парламентад тухалсан Д.Энхтүвшин гишүүн ойрын өдрүүдэд төр, түмний баатар болж байх шиг. Түүнийг одоохондоо төрийн түшээ гэхээс илүү “шарк” гэвэл иргэд илүүтэй танина.
Юуны түрүүнд Д.Энхтүвшин гишүүний улстөрчдийн булхай луйвар, төсвийн хулгайн талаарх яриа хөөрөөг үгүйсгээгүй болно. Харин ч зөв биз. Гэхдээ түүний улс төртэй холбоотой сүүлийн хоёр ч “нүүдэл”-ийг харахад цаг хугацааны хувьд бодит үр дүн гарахад хэтэрхий оройтсон гэмээр. Эхнийх нь сонгууль болохоос 20 хүрэхгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын 07-нд МАН-аас нэр дэвших нь ёс зүйгүй, нэрээ татах талаар мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, СЕХ-ноос УИХ-ын 2024 оны сонгуульд албан ёсоор нэр дэвшигчдийг бүртгэж дууссан, зарлахаар бэлтгэж байсан цаг хугацаа. Гэвч МАН-ын жагсаалтад орсон танхимын ерөнхийлөгч маань ч тэгэсхийгээд чимээгүй болж эцэстээ өнөөдөр Их хуралд сууж байна. Тухайн цаг мөчид олон нийт ч түүнийг шударга, ёс зүйтэй хүн хэмээн нийгмийн сүлжээгээр дүүрэн магтаж сайшааж байлаа.
Хоёр дахь нь телевизийн ярилцлагад орохдоо ярьсан буюу гол гогцоо нь төсвийг танах талаарх яриа. Нэг ёсондоо намынхаа эсрэг шүгэл үлээлээ гэцгээж тэнгэрт хөөргөж орхилоо. Мань эр ч сүүлдээ шударга байсны төлөө намаас хөөж хавчиж байна, цагдаа сэргийлэх шалгахдаа туллаа гэж баахан мэдэгдэл хийсэн. Төд удалгүй ЦЕГ-аас “УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мэдээллийг нягтлах зорилгоор нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлаж авахаар NTV телевизэд хандсан” хэмээн мэдэгдээд байна. Хамгийн гол нь Д.Энхтүвшин гишүүний төсвийн талаарх шүгэл хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг буюу нэгэнт засаж сайжруулах, хасаж танах боломжгүй үед тасхийсэн нь бас л сонин. Үүнийг мэдэхгүй Их хурлын гишүүн байв гэж. Ийн шинэхэн гишүүний гишгэсэн мөрийг өнгөцхөн харахад дандаа хуулийн хугацаа хэтэрсэн буюу өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд байх шиг. Нэгэнт шийдэгдсэн зүйлийн араас шүүмжилж эсвэл болилоо гэх нь эргэлзээ төрүүлж буйг олон нийт хэрсүү болсон цагт анзаарч байгаа хүмүүс олон байна лээ.