Тус улсын Үндэсний олимпын хороо 2036 оны зуны олимп болон паралимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор Олон улсын олимпын хороонд гаргажээ. Ирэх 2028 оны зуны олимпын наадмыг АНУ-ын Лос-Анжелес хот зохион байгуулах бол 2032 оны олимп Австралийн Брисбан хотод болох юм. Харин 2036 оны олимпыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлсэн одоогоор 10 улс байна. Тэдгээрээс Индонезийн шинэ нийслэл болохоор бэлтгэгдэж байгаа Нусантара хот, Туркийн Стамбул, Чилийн Сантъяго хотууд албан ёсоор зохион байгуулагч хотын сунгаанд оролцохоо илэрхийлээд байгаа аж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон жилийн өмнөөс улс орондоо зуны олимп зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж, олон улсаас дэмжлэг хүссэн юм. Одоогоор Франц улс Энэтхэгийг дэмжихээ илэрхийлээд байна. Энэтхэгийн олон хотоос Гужарат мужийн санхүү, эдийн засгийн төв гэгдэх Ахмедабад хот олимп зохион байгуулах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа бөгөөд мужийн нийслэл Гандинагар ихэр хот нь болохын хувьд зарим үйл ажиллагааг нь хамтран зохион байгуулах боломжтой гэнэ. Энэтхэгийн Манчестер гэгдэх Ахмедабад нь 132 мянган хүний суудалтай, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнтэй гэдгээрээ мөн алдартай юм. Хэрэв энэтхэгчүүдийн хүсэл ёсоор болбол тус улс Хятад, Өмнөд Солонгос, Японы дараа зуны олимпын наадам зохион байгуулах Азийн дөрөв дэх улс болно.