Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн есдүгээр сард Испани руу зугтсан сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалесын хаана байгааг мэдээлсэн юм уу, түүнийг барьж өгсөн хүнийг 100 мянган ам.доллараар шагнахаа мэдэгдлээ. Гонзалесыг олон улс өнгөрсөн долдугаар сарын 28-нд болсон Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж үзэж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийгөө ялсанд тооцож, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул Венесуэл даяар үймээн самуун дэгдэж, сөрөг хүчний томоохон улстөрчид, түүний дотор Гонзалес эх орноо орхин зугтсан билээ.
Өдгөө 75 настай Гонзалес энэ сарын 10-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоо мэдэгдсэн ч одоогоор сураг ажиггүй байна. Харин түүний оронд Мадуро тангараг өргөхөө мэдэгдээд байгаа юм. Гонзалес Испанийн төр засгаас албан ёсоор улс төрийн орогнол хүсэж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд зөвшөөрсөн хариу хүлээн авсан ч Венесуэлдээ буцаж Мадурогийн эсрэг тэмцэхээ удаа дараа мэдэгдсэн боловч цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
Николас Мадурог Венесуэлийн гол холбоотон ОХУ тэргүүтэй цөөхөн улс л дэмждэг бөгөөд энэ сарын 10-нд тангараг өргөснөөр түүний гурав дахь удаагийн засаглал эхэлнэ. Тус улсад төрийн тэргүүний алба хаших бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг юм.