Бүтэн арван жил хэлэлцэгдсэн эдгэршгүй өвчтэй хүмүүс өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоох, эмчийн тусламжтайгаар үхэх эрхээ эдэлж болох эсэх асуудлыг Английн парламентад хэлэлцлээ. Хуулийн төслийг парламентын доод танхим буюу Иргэдийн танхимд эхний байдлаар дэмжсэнээр Англи, Уэльст уг хууль батлагдахад нэг шат ойртжээ. Зургаан сарын дотор амьсгал хураах нь баттай, нас биед хүрсэн хүнд өвчтэй хүмүүст сонголт хийх эрхийг нь олгох хэрэгтэй гэж гишүүдийн 330 нь дэмжсэн бол 275 нь татгалзсан байна.

Гэхдээ Их Британийн нэгдсэн хаант улсыг бүрдүүлэгч дөрвөн орны хоёрт нь уг хууль хэрэгжиж эхлэхэд ахиад нэлээд хугацаа орох юм. Учир нь хуулийн төслийг эцсийн байдлаар хууль болгон батлахад парламентын дээд танхимын хэлэлцүүлэг, санал хураалт мөн хэрэгтэй. Британийн нөгөө хоёр орон болох Шотланд, Умард Ирландын парламент уг асуудлаар ирэх жил хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хүнд өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эдгэшгүй өвчтэй бол эмчийн тусламжтайгаар өөрийн хүсэлтээр амьсгал хураах эрхээ эдлэхийг нь дэмжих тухай хуультай улс Европт голдуу нэлээд хэд бий. Жишээ нь Канад, Австрали, Шинэ Зеланд, Испани, Австри бүгд 2015 оноос ийм хууль хэрэгжүүлж буй бол Бельги, Люксембург, Нидерланд, Швейцарь зэрэг улс “мэргэжлийн хүний тусламж, хуульчийн зөвшөөрөлтэйгөөр амиа тэвчихийг зөвшөөрөх” тухай хууль журмыг бүр 1990-ээд оны сүүлээс мөрдөж байна. Америкийн зарим муж улсад, мөн Итали, Германд тусгайлсан хууль байхгүй ч онцгой тохиолдолд мөн хүнд өвчтэй хүмүүсийг үхэл, амьдралын сонголт хийхийг нь зөвшөөрдөг юм.