Английн дуучин Эд Ширан ирэх нэгдүгээр сарын 25-ны өдөр Гималайн нуруунд орших Бутаны хаант улсад тоглож, тус улсад тоглолтоо зохион байгуулах гадаадын анхны уран бүтээлч болохоор болжээ. Тэрээр дэлхийг тойрох аялан тоглолтоороо Ойрх Дорнодын орнууд болон Энэтхэгт тоглохоор төлөвлөөд байгаа бөгөөд Энэтхэгийн тоглолтынхоо хүрээнд Бутаныг багтаахаар шийдсэн байна. Тоглолтынх нь тасалбарын үнэ Бутаны иргэдэд 10 ам.доллараас буюу боломжит хамгийн бага үнээс эхэлж байгаа нь Шираны дуу хөгжмөө аль болох олон хүнд хүргэх гэсэн нэг арга аж. Харин хамгийн үнэтэй тасалбар нь 101 ам.доллар байх гэнэ.

Бутан улс дэлхийд байгаль хамгааллаараа тэргүүлдэг орны нэг. Аль болох цөөн жуулчин хүлээн авч байгаль орчин, уламжлалт ахуй соёл, ёс заншлаа хамгаалж үлдэхийн тулд гадаадын иргэнээс өдөр бүр 100 ам.долларын татвар авдагаа тус улсын албаныхан Тогтвортой хөгжлийн төлбөр гэж нэрийддэг юм.