Бид тэжээллэг чанар багатай транс тос, чихэр, давс ихээр агуулсан, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэж байна. Эдгээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол хүнс юм.
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол хүнсний хэрэглээ нэмэгдэх нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэх өвчин болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Илүүдэл жинтэй байх нь цусны даралт ихсэх, цусан дахь холестеролын түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Эдгээр нь цаашлаад зүрх судасны өвчин, цус харвалтаар өвдөх суурь болдог. Мөн чихрийн шижингээр өвяилсөн хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг. Иймд илүүдэл жингээ хасч, зохистой хооллож, хөдөлгөөний идэвхтэй байж хангалттай унтаж амрах нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Хүүхэд чихэрлэг хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр хоолны дуршил буурах, дархлаа сулрах, илүүдэл жин, таргалалттай болох зэрэг сөрөг нөлөөтэй. Элсэн чихэр нь таргалалт, сахарын өвчнийг үүсгэж цаашлаад бүх өвчний суурь болж байгаа. Сахарын хэрэглээгээ 20-30 хувиар бууруулж чадвал өдөр тутам авдаг калорийг 100-гаар бууруулах боломжтой.
Өдөр бүр хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн нь чихэр агуулдаг тул хоол хүнс бэлтгэхдээ чихрийг аль болох нэмэлтээр хэрэглэхээс татгалзаарай.
Мөн хүнсний бүтээгдэхүүний шошгыг сайтар уншин, чихэр багатай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх (100 г хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага чихэр агуулагдаж байвал эрүүл, 5-10 г байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал чихэр ихтэй) эрүүл мэндэд тустай юм. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ чихэр, шоколад, жигнэмэг, бялуу зэрэг амттаныг худалдан авч өгөхөөс зайлсхийж, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглүүлэхийг зөвлөж байна. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэгдүүлэх , эрүүл чийрэг өсөж хөгжихөд жимс жимсгэнэ чухал.
Хүн хоногт 300-гаас доошгүй жилд 109-112 кг жимс жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг.