Шинэ багаа ид бүрдүүлж байгаа Дональд Трамп кампанит ажлынх нь хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан Кэролайн Ливитт гэх эмэгтэйг Цагаан ордны шинэхэн хэвлэлийн төлөөлөгчөөр тохоон томилжээ. Ингэснээр энэ жил 27 настай Ливитт АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хамгийн залуу хэвлэлийн төлөөлөгч болж байна. Түүнээс өмнө Ричард Никсоны хэвлэлийн төлөөлөгч Рон Зиглер 1969 онд уг албанд томилогдохдоо 29 настай байснаараа энэхүү рекордыг эзэмшиж байж.
Ливитт өмнө нь нэг удаа буюу 2022 онд Конгрессийн гишүүн болохоор өрсөлдөж байснаас гадна Трампын өмнөх засаглалын үед хэвлэлийн албанд нь ажиллаж байжээ. Тэрээр Нью-Хемпширийн уугуул бөгөөд төрөлх мужийнхаа Гэгээн Ансельмийн коллеж нэртэй католик коллежийг олон нийтийн харилцаа, улс төр судлал гэсэн хос мэргэжлээр дүүргэсэн байна. Харин дадлагаа Fox News сувагт хийснийхээ дараа 2019 оноос Трампын багт орж, Ерөнхийлөгчийн илтгэл, мэдэгдэл бичээч; хэвлэлийн мэргэжилтний туслах зэрэг ажил эрхэлж байсан аж.