“Үнэгүй” багш нарын эрин үе эхэллээ

Монгол Улсын боловсролын салбарын ирэх зургаан жилийн сэргэлт бол багш нарыг төлбөргүй бэлтгэх төрийн бодлого гэдгийг Засгийн газар зарласан. Багш мэргэжлээр суралцах бүхий л оюутан, магистрт суралцагчдын төлбөрийг төр даах эл шийдвэр энэ намраас хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр багш нарыг үнэгүй бэлтгэх бодлогын цөмийг МУБИС “үүрэх” нь. Үүний нөлөөгөөр элсэгчдийн тоо өмнөх жилүүдээс огцом өсөж, төгсөх ангийнхан ч төлбөр боломжийн сургуулийнхаа байрнаас шахагдаж гарч буйг багшийн сургууль даяар ярьж байна.

ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ VS БАГШИЙН СУРГУУЛИЙН ЭЛСЭГЧДИЙН ӨСӨЛТ    

Багш нарт үнэ төлбөргүй боловсрол олгох шалгуурт багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч, багш мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч, дадлагажигч багш, боловсролын /01/ чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцагч хамрагдаж эрхтэй. Мөн 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд Боловсролын зээлийн сан, суралцагч, суралцах сургуулийн хамтарсан гурвалсан гэрээний үндсэн дээр бүрэн тэтгэлгээр элсэн суралцах журам батлагджээ. Тэтгэлэгт хамрагдах шалгуур нь  ЭЕШ-ын босго оноо 580 ба түүнээс дээш байх, суралцах дөрвөн жилд голч дүнгийн болзол 2.7 байх  өндөр голч дүнтэй суралцаж буй тохиолдолд тэтгэлгээ хамгаалсанд тооцно. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын 580 оноо бол төдийлөн өндөр босго биш юм. ЭЕШ-нд 700-800 оноо авах нь орчин үеийн сурагчдын мода болоод байна шүү дээ. Мөн оюутны дөрвөн жилд 2.7 голчтой суралцана гэдэг толгой гашилгах зүйл биш. Сүүлийн үед наад захын тэтгэлгийн шалгуур 3.6-г нэхдэг болсон цаг. Энэ зэргээс харвал хүссэн хүн бүхэн багш мэргэжлээр үнэгүй суралцаж ч болмоор. Зөвхөн үнэгүй гэдгийг нь ашиглаж орж ирсэн хүүхдүүд ч манай ангид олон байна гэдгийг нэгдүгээр курсын хэд хэдэн оюутан хэлж байв. Дөрвөн жил төрийн мөнгөөр 2,7 голч хамгаалж төгссөн багш ажил дээр гараад чанартай боловсон хүчин бэлтгэж чадах болов уу? Гэдэг нь эргэлзээтэй гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилж байна.

Мөн багш нарыг үнэгүй бэлтгэх бодлого хэрэгжиж эхэлснээр МУБИС-ийн элсэлт зөвхөн бакалаврынх нь өмнөх жилээс хагас мянгаар нэмэгджээ. Үүнээс гадна магистраар суралцагч, дадлагажигчдын тоог нэмбэл нэлээдгүй нэмэгдэх бололтой.

СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛЭЭ СОЛИВОЛ ТӨЛБӨРИЙГ БУЦААЖ ТӨЛНӨ

Төр татвар төлөгчдийн мөнгөөр багш нарыг бэлтгэж эхэлж байгаа учраас тэднээс эргээд хариуцлага нэхэх нь зүй. Тэгвэл Боловсролын зээлийн сан, сургууль, суралцагчдын хооронд байгуулж буй гурвалсан гэрээнд тусгаснаар тэтгэлэг авсан бол 3-5 жилийн хугацаанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн ЕБС-д ажиллана. Мөн суралцаж байх хугацаандаа мэргэжил, сургуулиа солих, сургуулиас гарсан тохиолдолд төлбөрийг буцааж төлөхөөр тусгаад байгаа аж. МУБИС-ийн нэгдүгээр курсын төлбөр энэ жил 700 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж 3.5 сая болжээ. Энэ хэмжээгээр тооцож үзвэл нэг оюутан дөрвөн жилийн хугацаанд 15 сая төгрөгийн тэтгэлэг авах нь. Харин үүнийхээ оронд төгсөөд 3-5 жил багшлах үүрэг хүлээх юм.

                МУБИС: ОЮУТНУУДЫН ТЭТГЭЛЭГ ШИЛЖИЖ ОРЖ ИРЭЭГҮЙ

Багшийн сургуулийн хичээл эхлээд бараг хагас сар болж байна. Гэтэл төрөөс төлбөрийг нь шилжүүлээгүй учраас сургуулиас нь элсэгчдийг сургахгүй гэсэн яриа гараад буй. Энэ талаар бид МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Соронзонгоос тодруулахад “Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын хувьд Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж суралцаж байгаа. Харин тус газраас манай сургуульд төлбөр мөнгө шилжүүлсэн зүйл одоогоор байхгүй. Гэхдээ бид тэтгэлгээр суралцаж буй оюутнууддаа хүндрэл учруулахгүй сургалтын орчин нөхцлийг бүрдүүлж хичээлд нь суулгаж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Мөн МУБИС-ийн МХУЗ-ийн 1-р курсийн оюутан О.Намуунцэцэг уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Багаасаа хүссэн мэргэжилдээ тэтгэлгээр суралцах гоё байна. Манай анги 40 оюутантай. Гэхдээ дахиад 2-3 бүлэг анги байгаа гэж сонссон. Олон оюутантай ч гэсэн  өөрөө хичээж чадвал чадварлаг багш нараас сурах зүйл маш их байгаа гэж харж байгаа. Харин гэрээнд заасанчлан сургуулиа дундаас нь орхих, шилжих тохиолдолд төлбөрийг буцааж төлүүлнэ гэдгийг зөв гэж бодож байна. Цаашдаа 2.7 голчоо хамгаалаад тэтгэлэгтээ амжилттай суралцаж төгсөхийг хичээх болно” гэлээ.