Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг “итгэлцлийн хямрал үүссэний учир” албан тушаалаас нь халжээ. Түүний орыг Гадаад хэргийн сайд Исраэль Кац авч байгаа аж. Харин шинэ Гадаад хэргийн сайдаар гадаад харилцаа, батлан хамгаалахын салбарт хатуу байр суурьтай гэгддэг Гидеон Саар томилогдсон байна. Израильчуудын зарим нь Ерөнхий сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэн гудамжинд хэдэн зуугаараа жагсаж, Нэтаньяхуг өөрийг нь огцрохыг шаардан, хаа сайгүй зам таглаж эхэлжээ. Учир нь Галант сөрөг хүчний гол төлөөлөл гэгдэн, олны дунд ихэд нэр хүндтэй байж ирсэн нэгэн аж. Мөн Цагаан ордны эрх баригчидтай хавьгүй сайн харилцаатай гэгддэг байна.

Ажиглагчдын дүгнэж буйгаар Галант Израилийн өдгөө олон фронт дээр зэрэг явуулж байгаа алан хядагчдын эсрэг зэвсэгт халдлагаас урьтаж “Хамас”-ын барьцаанд буй хүмүүсийг суллахыг чухалчилсан бол Нэтаньяху энэ байр суурийг нь дэмжээгүй байна. Мөн Израилийн хэт уламжлалт гэгдэх иүдийн шашинтнуудыг Зэвсэгт хүчинд алба хаахыг хориглосон тухай хуулийг өөрчлөхийг зорьсон нь Ерөнхий сайдын үзэл бодолтой зөрчилджээ. Түүнчлэн Галант Израиль улс Газын зурвас дахь энгийн иргэдийг эрхэндээ оруулахыг зориогүй, цэрэг армийн хувиар ч хяналтаа бүрэн тогтоох санаархалгүй гэдгээ зарлах хэрэгтэй гэж Нэтаньяхугаас шаардсан гэсэн мэдээ байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны “Хамас”-ын халдлагаар барьцаалагдсан израиль иргэдээс 100 гаруй нь одоо ч хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.