АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд нийлүүлж байгаа холын тусгалт пуужингаа Оросын нутаг дэвсгэрт ашиглаж болно гэх ногоон гэрлийг Украины талд өгчээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэдэн сарын турш холын тусгалт пуужинг хилийн ойр орчимд ашиглахыг хориглосон хоригийг цуцлахыг Америкийн талаас хүссээр байсан юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин урт пуужингийн хоригийг цуцалбал НАТО олон АНУ-ыг Украины дайнд “шууд оролцлоо” хэмээн үзнэ гэж анхааруулсаар ирсэн билээ.
Ажиглагчдын үзэж буйгаар Цагаан ордны дээрх шийдвэр Украины арми өнгөрсөн наймдугаар сард Курскийн бүс нутагт цөмрөн орсонтой холбоотой юм. Дайныг дуусгавар болгоход талуудын хэн хэнд нь барьцаалах зүйлс хэрэгтэй бөгөөд Байдений баг Украины Зэвсэгт хүчин Курскт урт пуужингийн тусламжтайгаар урагшлан давшиж чадна, тэгвэл Украины мэдэлд Оростой гэрээ хэлцэл хийхэд нь нэмэр болох Оросын газар нутгийн багахан ч гэсэн хэсэг байна гэж тооцсон байх магадлалтай. Мөн Хойд Солонгосын цэргүүдийг Украины нутагт байлдуулах Оросын шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авч байгаа нь энэ гэх ажиглагчид ч байна. Украины албаныхны тооцоогоор Курскт Хойд Солонгосын ойролцоогоор 11 мянган цэрэг орос цэргүүдтэй мөр зэрэгцэн дайтаж байгаа аж.
Америкийн ATACMS гэгдэх холын тусгалт пуужингууд 186 миль буюу 300 хүртэлх км зайд харвах чадвартай юм.