ЗХУ-аас туурга тусгаарласнаасаа 30 гаруй жилийн дараа Бальтын орнууд гэгдэх Эстони, Латви, Литви гурван улс Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс албан ёсоор гарч, Европын холбооны цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгдэхээр болжээ.
Энэ амралтын өдрүүдээр хийгдэх сүлжээ солих ажлын явцад хоол хүнс, ундны усаа нөөцөлж, цахилгаан шат хэрэглэхгүй байж, гэрлэн дохио нь түр унтарсан замаар сонор сэрэмжтэй зорчихыг иргэдэд анхааруулсан байна.
Тус гурван улс БРЭЛЛ-ийн гэгдэх эрчим хүчний сүлжээнд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас холбогдож Орос, Беларусаар дамжуулан цахилгаан эрчим хүчээ хангаж иржээ. БРЭЛЛ нь Беларус, Орос, Эстони, Латви, Литвийн товчлол бөгөөд бүхэлдээ Оросын төрийн мэдэлд байдаг аж. Харин Бальтын орнууд өдгөө НАТО-д элссэн тул энэ шилжилтийг хийх нь зайлшгүй байсан гэж албаныхан мэдэгдсэн байна.
Гурван орны цахилгаан эрчим хүч 24 цаг тасрах бөгөөд энэ хооронд дотоодын багахан эрчим хүчээ түр ашиглаж байгаад ням гаргаас даваад шилжих шөнөөс эхлэн Польшийн нутгаар дамжуулан Европын эрчим хүчний сүлжээнээс цахилгаанаа авч эхлэх гэнэ.
Гурван жилийн өмнө Орос-Украины дайн эхэлснээс хойш Бальтын орнуудын Оростой харилцах харилцаа мөн ихэд хөрсөн юм. Сүүлийн 18 сарын хугацаанд Бальтын тэнгисийн доогуур татсан 11 кабелийг Оросын талаас зориуд гэмтээсэн гэж эдгээр орны эрх баригчид мэдэгдсэн удаатай.