Ийм шийдвэр гаргаснаараа тус улс дэлхийд анхдагч болж байна. Хэдийгээр сошиал медиа хэрэглэгчдэд хатуу хяналт тавьдаг, бүр ор тас хэрэглээг нь хориглодог улс орон олон ч өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тухайлсан хууль баталж буй нь дэлхийд анхны тохиолдол юм. Хуулийг энэ сарын сүүлээр эцэслэн батлах төлөвтэй байна.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез уг шийдвэрийнхээ талаар олон сарын өмнөөс ярьсан бөгөөд Facebook, TikTok зэрэг сошиал медиа платформууд “бага насны хүүхдүүдийг хордуулж байна” гэсэн хатуу байр суурьтай байж ирсэн. Шинэ хууль батлагдсанаар сошиал медиа платформуудыг эзэмшигч технологийн томоохон компаниуд хэрэглэгчдэдээ насны хатуу хязгаар тогтоох, хууль зөрчсөн иргэдийг торгох тогтолцоог бүрдүүлэх үүргийг давхар хүлээхээс гадна шинэ хууль батлагдсанаас жилийн дотор зохих зохицуулалтуудыг хийх аж. Гэхдээ шинжээчид бодит байдал дээр ийм хориг хэрэгжүүлэх нь амаргүй гэдгийг онцолсоор байна.
Австрали улс хатуу хууль баталж буйгаараа хэдий анхдагч болж байгаа ч бага насны хүүхэд, өсвөр насныхны сошиал медиа хэрэглээнд анхаарч эхэлсэн эхний улс биш юм. Өнгөрсөн зургадугаар сард Испани улс 15 хүртэлх насны хүүхдүүдэд сошиал хэрэглээний хяналт тавих тухай хууль баталсан бол Америкийн Флорида муж 14-өөс доош насны хүүхдүүдийг мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хянаж эхэлжээ.