АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байж түүний ялалтыг судлаач экспертүүд олон талаас нь харж дүгнэж байна.Олон улсад чих тавин чагнаж буй эл томоохон үйл явдалтай холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш, доктор Д.Бүдсүрэнтэй ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд болж АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр Цагаан ордондоо эргэн ирэх нь. Ер нь АНУ-ын сонгуульд нэр дэвшигчийн дэвшүүлсэн бодлого, сонгуулийн компанит ажил, санал хураалтын үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас сонгогдож байсан, 78 настай Доналд Трамп 71,202,731 (51%) саналаар хоёр дахь удаагаа сонгогдож 47 дахь ерөнхийлөгчөөр Цагаан ордонд буцаж ирсэн явдал АНУ-ын түүхэнд бичигдэх ховорхон үйл явдал боллоо. АНУ-ын түүхэнд өмнө нь Ерөнхийлөгч Гровер Клевлэнд 1885-1889 онд, түүний дараа нэг завсарлаад 1893-1897 онд дахин Америкийн Засгийн газрын удирдахаар сонгогдож байсан түүхийг Доналд Трамп давтаж байна гэж хэлж болно. Гэхдээ анх Үндсэн хуулийг батлахад Америкийг үндэслэгч эцгүүдийн (Жорж Вашингтон, Томас Жефферсон, Бенжамин Франклин, Жон Адамс зэрэг) оруулсан “electoral college” буюу сонгуулийн үр дүнг тооцож батлах тусгай бүрэлдэхүүний үйл явцын хүрээнд сонгуулийн эцсийн шийдвэр гардаг бөгөөд Америк даяар Конгресс болон тусгайлан сонгогдсон энгийн иргэдээс бүрдэх тус бүрэлдэхүүний нийт 538 гишүүнээс 270-аас илүү саналыг авсан Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч үүрэгт албандаа орох эрхтэй болдог тул хэдийгээр урьдчилсан байдлаар уг бүрэлдэхүүний 277 саналыг аваад байгаа ч Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгч болсон гэж хэлэхэд хараахан эрт байна гэсэн үг юм. Уг бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сард хуралдаж эцсийн шийдвэр гарснаар сая Ерөнхийлөгч албандаа орох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн саналын дийлэнхийг авсан ч электорал коллежийн 270-аас дээш саналыг авч чадаагүй нөхцөлд байдал эсрэгээр эргэж байсан түүх бий.

Камилла Харрисын ялагдлын шалтгаан нь сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүйтэй холбоотой

-Камилла Харрис нилээн ширүүн өрсөлдлөө. Олон нийтийн дэмжлэг өндөр байсан ч ялж чадсангүй. Харрисын ялагдлыг мөн Д.Трампын ялалтыг юутай холбож үзэж болох вэ?

-2024 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Форбес хэвлэл, мэдээллийн компанийн судалгаагаар АНУ-ын ерөнхийлөгч бол энэ их гүрнийг дөрвөн жилийн туршид удирдах хүний хувьд дотооддоо хэд хэдэн чухал бодлого хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байгаагийн дотор нэгдүгээрт дотоодын эдийн засгаа хүчирхэгжүүлж, тогтвортой болгох. Холбооны засгийн газрын 35.8 триллион ам.долларын үндэсний өрийн хэмжээг багасгах, инцляц болон ажилгүйдлын хэмжээг тодорхой түвшинд хүртэл бууруулах гээд олон шат дараатай ажлууд хийнэ гэсэн амлалт өгсөн. Мөн цагаачдын тоог бууруулах болон хил орчмын бүсийн хяналтыг чангатгах бодлого баримталснаар үндэсний аюулгүй байдлаа хангах. Үүний хүрээнд бичиг баримтгүй, гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг нутгаасаа гаргаж Америкийн иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх. Цагаан арьстнууд, үндэсний цөөнх, ажилчин ангийн төлөөллийг чадавхижуулахын зэрэгцээ ажлын байрны тоог нэмэгдүүлснээр ажилгүйдлын түвшинг бууруулах, нийгмийн дунд давхаргынхны амьдралын чанарыг сайжруулах, үр хөндөлт болон хүйсийг тодорхойлох асуудалд хатуу хяналт тавих зэргээс харахад

Трампын сонгуулийн кампанит ажлын үед “Баян чинээлэг, аюулгүй Америкийг бүтээнэ” гэж хэлсэн үгтэй нь уялдаж байна гэж үзэж байна.

-Д.Трамп ялснаар ОХУ, Украины дайн зогсоно гэсэн хүлээлт байна. Д.Трампын хэрэгжүүлэх гол бодлого, гол ажил юу байх бол?

-Доналд Трампын ялалт мэдээж өмнөх засаглалын үед авч хэрэгжүүлж байсан бодлогууд нь үр дүнтэй, мөн энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд дээрх хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн амлалтуудтай салшгүй холбоотой. Үүн дээр нэмж хэлэхэд сонгуулийн кампанит ажлын хүрээнд өгсөн бусад амлалтууд тухайлбал өөрийн зүгээс Орос-Украины хооронд хоёр жилийн хугацаанд өрнөж буй дайныг даруй зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ гэж амласан нь нөлөөлсөн байх магадлалтай. Тухайбал, эдийн засгаа чадавхижуулах зорилтын хүрээнд дайнд чиглэсэн нэмэлт зардлуудаа танах нь дайныг зогсоох эхний алхам мөн.

Харин 51:48 харьцаагаар ялагдсан Камилла Харрисын хувьд сонгуульд ялагдсан гол шалтгаан нь сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүйгээс болсон байх магадлалтай. Жо Байданы үндэсний эдийн засгийг хөл дээр нь босгож, инфляцыг бууруулах бодлого үр дүнгүй байсан нөхцөл байдал, цагаачдын тоон дээр тавих хяналт суларсан зэрэг нь Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа уг зорилтуудыг хийж чадаагүй юм чинь цаашид хийж чадах уу, дэвшүүлсэн зорилтуудаа хийх хангалттай цаг хугацаа байна уу зэрэг сонгогчдын хувьд эргэлзээ үүссэн болов уу гэж харж байна.

Форбес-аас хийсэн судалгаагаар Доналд Трампын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эхний 45 сарын хугацаанд инфляцын түвшин 7.1%-тай байсан бол Байданы засаглалын үед уг түвшин мөн хугацаанд 20.1%-д хүрсэн. Байданыг ерөнхийлөгчийн албыг Трампаас авахад ажилгүйдлийн түвшин 6.7%-аас 4.1% хүртэл буурсан байсан бол 2019-2020 оны эхэнд Трампийн засаглалын үед ажилгүйдлын түвшин Америкийн түүхэн дэх хамгийн доод хэмжээнд (1969 оноос хойш ийм түвшинд хүрч байгаагүй) буюу 3.5%-д хүрсэн, үндэсний өрийн хэмжээ Байданы засаглал авснаас хойш 29%-аар өссөн, 2016-2020 оны 12 дугаар сард 1 галлон шатахууны үнэ 2.37$-аас 2.28$ ам доллар болж буурсан бол 2024 оны 11 дүгээр сарын 3-ны байдлаар 3.10$ ам доллар болж өссөн зэргээс үзэхэд ард түмний итгэлийг хүлээхэд хангалтгүй шалтгаан байсан гэж үзэх үндэслэлтэй.

Трамп ялснаас хойш Теслагийн 411 сая хувьцааны үнэ 15 тэрбум гаруй доллараар өссөн

-Сенатад мөн Бүгд Найрамдах нам ялж төлөөлөгчийн танхимаа удирдах эрхээ баталгаажуулсан. Элон Маскаас Д.Трампын багт бүтээмжийн сайдаар ирэхээс эхлээд зарим мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэллээ?

-Элон Маскын хувьд Доналд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад хувиасаа 119 сая ам.долларыг хандивлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх зэргээр олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ч аль аль нь бизнесмэнүүд. Элон Маскийн хамгийн том бизнесийн нэг Тесла компани байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэгийг бүгд мэднэ. Харин Доналд Трампийн зүгээс цахилгаан тээврийн хэрэгслийг худалдаж авах өртөг дэндүү өндөр, туулах зам бага, Америкийн автомашины үйлдвэрлэл, ажлын байрыг устгах болно зэрэг шалтгаанаар анхнаасаа дэмждэггүй байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөх байх гэж харж байна. Учир нь Трампын ялалтаас хойш түүний цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хувьцаа зах зээл дээр 13% -иар өсөж, түүний шууд эзэмшдэг Теслагийн 411 сая хувьцааны үнэ 15 тэрбум гаруй доллараар өссөн. Энэ нь сүүлийн үед огцом унаад байсан Теслагийн хувьцааны хувьд сүүлийн хоёр жилийн дээд амжилт байсан бөгөөд мягмар гарагийн сонгуулийн хаалт хүртэл жилийн хугацаанд ердөө 1%-иар өссөн байдалтай байв.

Трампын Хятадтай харилцахдаа баримтлах хатуу бодлогоос улбаалан Хятад дахь Тесла машины нийлүүлтээс ирдэг 40%-д нь сөргөөр нөлөөлж магадгүй. Түүнээс Элон Маскыг Трампын багт ирж төрийн албан болон албан бус үүрэгт ажил гүйцэтгэх зэргийг одоо дүгнэхэд харьцангуй эрт байна гэж хэлнэ.

- Д.Трампын ялалт Монголд ямар нөлөө үзүүлэх вэ? Цагаачлалын бодлогоос эхлээд АНУ, Монголын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?

-АНУ-д ямар нэг намын төлөөллөөс хэн сонгогдсоноос үл хамааран гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд огцом өөрчлөлт гарахгүй ч эрх барьж буй намын бодлого, байр суурь тусахыг бас үгүйсгэхгүй. Энэ нь Америкийн гадаад бодлогод үндэсний эрх ашгаа дээдэлсэн, нэгдмэл залгамж чанар гэж буйтай холбоотой. Үүнийг Жорж Вашингтоны үеэс Жо Байданы үе хүртэл өөрчлөхгүйгээр мөрдөж ирсэн зарчимд тулгуурлаж гадаад, дотоод бодлогоо уялдуулан хэрэгжүүлж ирсэн уламжлалтай. Харин манай хоёр улс “бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эрх чөлөө, ардчилал, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хамтын аюулгүй байдал, энх тайвныг цогцлоох” зэрэг стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан 2004, 2005 онд “хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэл,” 2018 онд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл,” 2019 онд “Стратегийн түншлэл,” 2023 онд “стратегийн иж бүрэн гуравдагч хөршийн түншлэлийн харилцаа”-г тус тус тогтоосон нь хоёр орны харилцаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, батлан хамгаалах салбарын хөгжил сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тасралтгүй гүнзгийрэн хөгжиж ирсний илрэл. Монгол Улс олон улсын харилцааны нөлөө бүхий тоглогч, дэлхийн их гүрэн АНУ-ын 17 дахь стратегийн түнш болсон нь манай улсын хувьд багагүй амжилт юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкерын айлчлалын үеэр дурдсан Монгол Улсын хувьд АНУ нь гуравдагч хөрш байж болох тухай үзэл санаа нь 2011 оны Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2.-т (ГХТА), 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.5-д (ГХТА) тус тус тусгалаа олсон нь "гуравдагч хөрш”-ийн бодлогыг анх удаа үндэсний хэмжээнд гадаад, дотоод бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хуульчлан тогтоосон явдал болсон. Үүнээс харахад судлаачдын үзэж буйгаар хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагааны үндсийг шударга ёс, ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтээр хүлээн зөвшөөрч, дээдэлбэл зохих ардчилсан үнэт зүйлс тодорхойлж байгаа нөхцөлд АНУ-ын ерөнхийлөгч хэн сонгогдсоноос үл хамааран хоёр орны харилцаанд огцом өөрчлөлт гаралгүй хэвийн үргэлжилнэ хэмээн таамаглаж байна.

Мөн ОХУ, Хятадтай харилцах Трампын бодлого ямар байхаас хамаарч Монгол Улсын хувьд үр өгөөжтэй байх эсэх нь Монголын зүгээс хэр санаачлагатай ажиллахаас шалтгаалж болно. Цагаачлалын бодлогоос улбаалан виза олголтод тодорхой хязгаарлалтад гарч болох юм. Эцэст нь хэлэхэд тухайн улсын гадаад бодлогын чиглэл, байр суурь хэрхэн өөрчлөгдөх талаар тайлбарыг хийхэд хараахан эрт байна.