Модон эдлэл сансарт хэр тэсвэртэй, цаашид ахин ашиглагдах эд материалаар хийсэн сансар судлалын тоног төхөөрөмж бүтээж болох үгүйг судлах зорилгоор Киотогийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн дэлхийн хамгийн анхны модон хүрээтэй хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн байна. Ердөө 900-хан грамм жин татах, латинаар мод буюу LignoSat хэмээн нэрлэгдсэн энэхүү бяцхан хиймэл дагуул Олон улсын сансрын станцын зүг хөөрсөн бөгөөд дэлхийн тойрог замд зургаан сар орчим ажиллахаар нарны эрчим хүчээр цэнэглэгджээ. Хиймэл дагуулын хүрээг замбага мод матаж хийсэн бөгөөд ямар нэг эрэг шураг, цавуу, наалдаас ашиглаагүй байна.

Хэрэв энэ туршилт амжилттай болж, цаашдаа сансрын уудамд модон тоног төхөөрөмж ашиглах боломж нээгдвэл сансрын хог хаягдал багасах, дэлхий дээр унах эрсдэлийг нь бууруулах давуу талтай юм. Судлаачид Ангараг гараг болон сар луу хожим сансрын хөлөг илгээж гэмээнэ, бүр хэдэн зууны дараа хүн өөр гараг дээр суурьшиж гэмээнэ тэндээ мод тарих, эх дэлхийнхээ модыг тэндээ ашиглах боломж бийг судлах алс холын зорилго ч мөн давхар тээж байгаа аж.