Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш бараг хоёр долоо хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд түүний дараагийн алхмыг амьсгаа даран хүлээж, хамгийн айдас түгшүүртэй байгаа хүмүүс бол Америкийн бичиг баримтгүй 13 сая гаруй оршин суугч. Трамп өмнөх засаглалынхаа үеэр ч, энэ удаагийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч бичиг баримтгүй цагаач ажилчдыг албадан нутаг буцаах тухайгаа удаа дараа ярьсан бөгөөд цагаачлалын бодлого нь түүний сонгогдох гол шалтгааны нэг болсон билээ. Гэхдээ түүний цагаачдад чиглэсэн яг ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.

Трамп нэн тэргүүнд Ерөнхийлөгч Байдений цуцалсан ажлын байруудыг нэгжих ажлыг сэргээж магадгүй юм. Гэхдээ зөвхөн гэмт хэрэгт холбогдож байсан юм уу, ямар нэг байдлаар зөрчил гаргаж байсан цагаачдыг албадан нутаг буцаана гэж бичиг баримтгүй иргэдийн дийлэнх нь найдаж байгаа аж.

Америкийн албаныхны цагаачдыг албадан нутаг буцаах нь шинэ зүйл биш юм. Жо Байдений засаглал дор бичиг баримтгүй 1.5 сая хүнийг нутаг буцаасан бол Ковид-19 цар тахлын үед хэдэн сая хүнийг хилээс буцаасан байдаг. Харин Барак Обамагийн үед ганц бие мексик эрчүүд голдуу гурван сая орчим цагаач ажилчдыг нутаг буцаажээ. Гэхдээ Трамп үүнээс ч ихийг хийнэ, бичиг баримтгүй иргэдийг өдөр өнжилгүй Америкийн хилээр гаргана гэж мэдэгдсээр байгаа юм.

Америкт бичиг баримтгүй эцэг эхтэй боловч Америкийн иргэн таван сая хүн бий гэсэн тооцоо бий. Хэрэв Трампын өмнө нь удаа дараа хэлж ярьж байсан цагаачдыг олноор нь албадан нутаг буцаах ажил эхэлбэл гэр бүлийн гишүүд хагацаж салах, цаашлаад Америкийн эдийн засагт хүндрэл учрах аюул нүүрлэнэ гэж анхааруулах мэргэжилтнүүд олон байна.