Агаарын бохирдол нь хүнд амьсгалын замын үрэвсэл, системийн үрэвсэл бий болгож, зүрх, уушгинд нөлөөлдөг болох нь хэдийн судалгаагаар нотлогдсон. Тэгвэл агаарын бохирдол нь урагт хэрхэн нөлөөлдөг, тэр нь аутизмын хүрээний эмгэг үүсгэдэг эсэхийг Анагаах ухааны доктор Э.Ундармаа судалжээ.

Тэрээр агаар цэвэршүүлэгч ашиглан агаарын бохирдлыг бууруулах замаар урагт нөлөөлөх нөлөөллийг судалсан байна. Түүний судалгаанд Сүхбаатар дүүргийн 540 жирэмсэн эх хамрагджээ. Ээжүүдийг хоёр бүлэг болгон хувааж, эхний интервенц бүлгийн оролцогчдод гэрт нь 1-2 агаар цэвэршүүлэгч ашиглуулжээ. Харин хоёрдугаарх хяналтын бүлгийн ээжүүдийг агаар цэвэршүүлэгчгүйгээр судалгаанд оролцуулжээ.

Судалгааны дүнгээр жирэмсэн байхдаа агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн ээжүүдийн буюу интервенц бүлгийн хүүхдийн төрөлтийн жин дунджаар 85г илүү байжээ. Мөн тэдгээр хүүхдийн дундаж IQ 2.8 оноогоор илүү байгааг тогтоосон байна.

Хамгийн гол нь интервенц бүлгийн хүүхдүүдээс аутизмын хүрээний эмгэгийн асуумж авч, үр дүнг гаргажээ. Уг асуумжаар интервенц бүлгийн хүүхдүүдийнх хяналтын бүлэгтэй харьцуулахад 0.51 оноогоор бага байжээ. Хүүхдийн оноо өндөр байх нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалыг нэмдэг. Тэгэхээр агаарын бохирдол нь хүүхдийн IQ-д нөлөөлөөд зогсохгүй аутизмтай болох магадлалыг нэмэгдүүлдэг нэг шалтгаан болдог гэдэг нь энэхүү судалгаагаар тогтоогджээ.