Дэлхийн жилийн дундаж температур Аж үйлдвэржилтээс өмнөх үетэй харьцуулахад цельсийн 1.5 градусаас илүү буюу 1.55 градусаар нэмэгдсэн анхны жил нь энэ он боллоо гэдгийг Европын холбооны Уур амьсгалын агентлагаас мэдээллээ. Энэ жил мөн түрүү оны “түүхэн дэх хамгийн халуун жил” гэсэн “амжилт”-ыг эвдэж, дэлхий нийт гараг дэлхийнхээ дундаж температурыг хэмжиж эхэлснээс хойших хамгийн халуун жилээр тодорч байна. Харин өнгөрөгч аравдугаар сар мөн л түүхэн дэх хамгийн халуун аравдугаар сарын хоёрт жагсчээ. Хэдхэн хоногийн дараа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх их чуулган буюу COP29 эхлэх бөгөөд дэлхийн дулаарлын аюул улам бүр бодит, зугтаж зайлах аргагүй болж байгааг уг чуулганаар олон улс хэлэлцэх ёстой гэдгийг дээрх мэдэгдэлд онцолсон байна.
Дэлхийн дулаартай тэмцэх олон улсын Парисын тунхагт дундаж температурыг “цельсийн хоёр градусаас илүү нэмэхгүй байх” хэмээн тусгасан байдаг. Уур амьсгал судлаач, дулаарлын шинжээчид хамгийн ихээр нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хөгжингүй орнуудаас илүү хичээл зүтгэл гарвал энэ нь боломжгүй зүйл биш гэж анхааруулсаар ирсэн. Харин Дональд Трамп ахин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэ салбарынхны санааг зовоож байна. Учир нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг “худал хуурмаг” гэж үздэг Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Америкийн Парисын тунхагаас гаргасан юм. Ерөнхийлөгч Байден уг шийдвэрийг нь цуцалсан ч Трамп өмнөх байр сууриасаа ухрахгүй гэж удаа дараа мэдэгдсээр байна.