Хэдийнээсээ хүндлэх, даруу байх ёс уламжлал зан заншлынх нь нэг хэсэг байж ирснээс хэт биеэ барьж, бусдад саад учруулахгүй байхад багаасаа суралцаж ирсэн япончуудын дунд ганцаардал гэдэг нийгмийн эмгэг болсон тухай олонтоо ярьж, бичдэг. Ялангуяа залуус нь нийгмийн энгийн харилцаанд орохдоо хүртэл эмээдэг юм уу, улам хойрго хандах болсон, мөн шинэ хүмүүстэй танилцахаасаа төвөгшөөдөг болсон гэдэг. Саяхны нэг судалгаагаар 16-24 насны өсвөр үеийнхэн болон залуусаас эрчүүдийнх нь 25, эмэгтэйчүүдийнх нь 45 хувь эсрэг хүйсийн хүнтэйгээ огт үерхэж үзээгүй, ямар нэг ойр дотно харилцаанд орох хүсэлгүй байна гэж хариулжээ.
Харин 2022 оны өөр нэг судалгаанд хамрагдсан 30-аад насны япон залуусын бараг 30 хувь нь огт гэрлэх бодолгүй байна гэсэн бол Японд бүртгэлтэй өрх айлуудын 34 хувь нь ганц бие хүмүүсийн гэр байна гэх өөр нэг судалгаа ч бий.
Тэгвэл Токиод ганцаардсан хүмүүсийг уулзуулах Тэврэлтийн кафе гэх газар нээгджээ. “Japan Today” цахим сонинд бичсэнээр “Сойнэя” нэртэй уг кафед хүмүүстэй танилцаж, хүнтэй тэврэлдэж, хүсвэл 20 минут хэн нэгэнтэй зэрэгцэж хэвтэж болох гэнэ. 20 минут дугхийхэд 3000 иен буюу 19 ам.доллар бол 10 цаг хүнтэй зэрэгцэж хэвтэхэд 50 мянган иен буюу 320 ам.доллар төлнө. Харин кафейн ажилчинд тэврүүлж, өвөр дээр нь гурван минут толгойгоо тавьж хэвтэхийг хүсвэл илүү 1000 иен буюу зургаан ам.доллар төлөх гэнэ. 1000 иенээр мөн зөөгч эмэгтэйтэй ширтэлцэж болно, эсвэл түүгээр нуруугаа илүүлж ч болно.

Токио дахь “Сойнэя”-гийн бүх салбарт гэхдээ эмэгтэй ажилчдаа хамгаалсан дүрэм журам үйлчилдэг байна. Үйлчлүүлэгч ажилтны үсэнд хүрч болохгүй, биед нь хүрэх зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлж болохгүй. Мөн үйлчлүүлэгчид ч хоорондоо хил хязгаараа давж, хэм хэмжээгээ эвдэх ёсгүй. Гэсэн ч ганцаараа амьдардаг хүмүүст Тэврэлтийн кафед очих нь тодорхой хэмжээгээр таатай байдаг тул үйлчлүүлэгчдийн дийлэнх нь сэтгэл хангалуун байдаг гэнэ.