Өнгөрөгч амралтын өдрүүдээр Францын 30 гаруй хотод эмэгтэйчүүд голдуу хэдэн мянган хүн жагсаал цуглаан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардахын сацуу өөрийг нь хохироосон гэмт этгээдүүдийг шүүх хурлыг олон нийтэд ил тод байлгахыг зөвшөөрсөн Жизель Пелико гэх эмэгтэйг дэмжиж буйгаа илэрхийллээ. Өдгөө 72 настай Жизель Пеликог нөхөр нь 10 гаруй жилийн турш янз бүрийн эмээр мансууруулан, ухаан балартсан юм уу, бөх унтаж байх хооронд нь гэртээ 80 гаруй эрэгтэйг авчран хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан, түүнийгээ мянга мянган бичлэг болгон хадгалдаг байсан нь илэрч францчуудыг цочирдуулаад байгаа юм. Жизелийн нөхөр 71 настай Доминик Пелико гэм буруугаа хүлээсэн агаад хэрэг үйлдсэн гэх 50 эрэгтэйг одоогоор баривчлаад байгаа бол 30 гаруй сэжигтнийг олж тогтоогоогүй хэвээр байна. Сэжигтнүүд 26-73 насныхан бөгөөд төрийн алба хаагч, сэтгүүлч, цагдаа, гяндангийн харгалзагч, гал сөнөөгч, багш зэрэг эгэл жирийн хүмүүс байгаа нь олон нийтийг бүр ч айдас түгшүүрт автуулжээ. Доминик Пелико бошинз, даашинзтай эмэгтэйчүүдийн хормойн доогуур зураг авч байгаад нэгэн хамгаалагчид анх баригдсанаар энэ бүх хэрэг мандсан юм. Цагдаа нарын тогтоосноор тэрээр бусад эрийн эхнэрийг нь хүчиндэж байгаа 100 гаруй удаагийн гэмт үйлдлийг баримтжуулсан 20 мянга гаруй зураг, бичлэгийг хадгалж байж. Жизель энэ тухай юу ч мэдээгүй бөгөөд 50 жил ханилсан нөхрөө нэг ч удаа ёс бус хэрэгт сэжиглэж байгаагүй гэж мэдүүлжээ.

Уг шүүх хурал дөрвөн сар орчим үргэлжлэх төлөвтэй байна.