Японы 65-аас дээш настай иргэдийн тоо түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу 36.2 саяд хүрч, хүн амынх нь гуравны нэгийг буюу 29.3 хувийг бүрдүүлэх болсныг тус улсын албаныхан мэдээллээ. Энэ нь 100 саяас дээш хүн амтай бусад бүх улс орон, бүс нутагтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Өндөр настнуудын 20.5 сая нь эмэгтэй, 15.7 сая нь эрэгтэй байна. Харин 9.1 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь Японы долоон ажилтан тутмын нэг нь гэсэн үг юм.

Япон улс хүн амын хэт насжилт, бага төрөлт зэргээс болж мэргэжилтнүүдийн нэрийддэгээр Саарал цунами гэгдэх хүн ам зүйн хямралд нэрвэгдээд удаж байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тус улсын хүн ам түрүү оных нь мөн үетэй харьцуулахад 595 мянгаар буурсан нь 13 дахь жилдээ тасралтгүй буурсан үзүүлэлт байсан юм. Энэ бүх бэрхшээлээс болж Япон улс 2040 он гэхэд ойролцоогоор 11 сая ажилтан, албан хаагчийн гачигдалд орно гэсэн тооцоо бий.